Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй Засгийн газрын гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций дэх уурхайд 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ажиллаж, үйл ажиллагаатай танилцав.
Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон талаар танилцуулж, олборлолт, борлуулалт, тээвэрлэлт зэрэг 10 төрлийн ажлыг хэрэгжүүлж, 2025 онд гүйцэтгэлийг 20 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтойг онцлов.
Ерөнхий сайд “Тавантолгой бол Монголын стратегийн орд газар бөгөөд ард иргэдийн эзэмшлийн томоохон компани” хэмээн онцлон, уурхай болон нүүрс ачих логистикийн төвийн үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, үүрэг чиглэл өгсөн юм.
Онцгой бүрэн эрхт багт эдийн засаг, санхүү, уул уурхай, тээврийн салбарын мэргэжилтнүүд багтаж, компанийн сахилга бат, зардлын хэмнэлт, нүүрсний экспортын өсөлтөд чиглэсэн ажлуудыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, хууль хяналтын байгууллагатай хамтран авлига, ашиг сонирхлын зөрчлүүдийг таслан зогсоох, ашиггүй гэрээ хэлэлцээрийг шалгах зэрэг даалгаврыг гурван сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Засгийн газар ирэх хоёр жилд нүүрсний экспортыг 50 хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой ХК