Ц. Элбэгсайхан
Mонгол Улсын Засгийн газар өнгөрсөн 2 дугаар сард олон улсын зах зээлд "Сенчири IV" (Century IV) нэртэй бондыг гаргаж 500 сая ам.долларыг амжилттай босголоо. Ингэснээр Монгол Улсын өрийн удирдлагыг басхүү давгүй удирдаж байгаагаа дэлхийд харуулсан үйл явдал боллоо хэмээн дотоод, гадаадгүй дүгнэсэн.
Учир нь хөрөнгө оруулагчдын зүгээс онцгой их эрэлттэй тулгарсан бөгөөд анхны захиалга арилжаалах хэмжээнээс 8.2 дахин давж, нийт 4.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнтэй холбоотойгоор бондын хүү 6.625% дээр буюу анхны хүлээлт болох 7.125%- иас доогуур тогтсон. Нэг үгээр хэлбэл ирээдүйд төсөв дээр учрах гадаад өрийн дарамт энэ хэрээр нимгэрч байгаа хэрэг.
Гэвч, энэхүү бондыг гаргах бодит хэрэгцээ юу байв?
Гол зорилго нь Монгол Улсын Засгийн газрын өрийг төлөх гэж хэлж болно. Дахин санхүүжилт ч гэж хэлдэг. Засгийн газар 2026 онд төлөх 566 сая ам.долларын "Номад" болон 2028 онд төлөх 650 сая ам.долларын "Хүннү" бондыг эргүүлэн худалдан авах, мөн "Сенчири-II" бондыг дахин санхүүжүүлэх юм. Эс бөгөөс Засгийн газар 1-2 жилийн дотор 1.7 орчим тэрбум ам.долларыг төлөх ёстой болоод байсан юм. Тэгэхээр “өнөөдөр" төлөх байсан өрийг "маргааш" болгож хойшлуулсан алхам болсон хэрэг.
Үүнээс гадна "Хүннү” "Номад” бондыг хугацаанаас нь өмнө эргүүлэн худалдан авч байгаа нь олон улсад сайн мэдээ байлаа. "Сенчири IV" бондын хүү Узбекистан, Бразил, Доминикан зэрэг зээлжих зэрэглэл адил улс орноос 0.1-0.4 пунктээр бага байгаа нь хөрөнгө оруулагчид Монгол Улсын ирээдүйд нэлээд итгэл үзүүлж байгаагийн илрэл. Үүнийг даах зүтгэл харин гагцхүү нүүрсний "нуруун" дээр л буух болов уу даа.
Угтаа Засгийн газар өр зээлтэй байхын хэрээр төсвийн сахилга бат сайжирч, төлөвлөлт, төвлөрүүлэлт, зарцуулалт чамбайрах шаардлагатай. Түүхээ эргэн харвал, 2012 онд "Чингис" бондыг анх гаргах болсон үе зэрэг төсвийн алдагдал хамгийн өндөр болох үед Засгийн газар бонд "хөөцөлдөж" эхэлдэг мөчлөг тогтсон.
Бондын санхүүжилт бүрдсэний ердөө маргааш л "олон улсад нэр хүнд сайн байна", "өрийн менежментийг амжилттай хийлээ" гэсэн мессежнүүдийг дотогш, гадагш цацаад эргээд хариуцлага ирэх хүртэл таг мартаж, эргэн төлөлт дөхөх үед дахиад л төсвийн алдагдал чинээндээ тулсан байхыг анзаардаг. Шалтгаан нь Монгол Улсын гадаад валютын орлогыг бүрдүүлдэг эрдэс баялгийн үнэ тааварлашгүйгээр унаж, төсвийн орлого тасалдсантай холбон тайлбарлаж, сайн менежер гэж харагдахаар улайрдаг зуршил эрх баригчдад бий.
Дахин санхүүжүүлэх буюу зээлээ хойшлуулах хэмжээний итгэл хүлээж байгаа нь сайн хэрэг мөн. Гэхдээ тэр хэрээр боломжуудыг алдаж байгааг огтоос хөндөхгүй байгаа нь харамсмаар. Төсөв үргэлж алдагдалтай гараад байдаггүй бөгөөд 2023 онд ашигтай төсвийн гүйцэтгэлийг бид харсан. Үүний эрхэм гавьяа нь Сангийн сайдад ногдсон бол ачааны хүндийг үүрсэн нүүрс дараа жилд нь илүү их ачаа үүрэх ёстой болсон билээ. Ахадсан ачаа үүрсэн нүүрсний үнэ зах зээл дээр эрэлт нь унасны дүнд өнгөрсөн оны төсвийн тэнцэл 776.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Дээр нь дахиад 6 их наяд төгрөгийн өр зээлийг богино хугацаанд төлөх ёстойгоо мартсан эрх баригчид харин ч алдагдлыг тэлж зүүдэнд ч оромгүй том төслүүдийг зэрэг, зэрэг хэрэгжүүлэх мөрөөдлийн төсвийг УИХ-д оруулж ирээд зогсохгүй, батлуулсан байдаг.
Өнөөдөр, төсвийн тодотгол, төрийн хэмнэлт ярьж буй энэ цаг үед илүүтэй чухалчлан авч үзэх ёстой сэдэв бол энэ. Ирэх жилүүдэд төсвийг хатуу сахилга баттай байлгаж, 2030-2031 онд гаргах бондуудыг ердөө л том төслүүдийг санхүүжүүлэх, хуучирсан эрчим хүчний эх үүсвэрүүдээ шинэчлэх, шинээр байгуулахад зарцуулмаар байна. Тэр хүртэл зээлжих зэрэглэлээ "А" түвшин рүү ойртуулах алхмуудыг ээлж дараатай авч хэрэгжүүлэх ёстойгоос биш дахиад л "Нүүрснээс л боллоо" хэмээн тайлбарлан төсөв тодотгох асуудал руу "гулсаж" суумааргүй байна.
Хэрэв бүтээн байгуулалт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулж бонд гаргаж чаддаг сан бол Засгийн газрын өрийн тааз, хязгаар гэх зүйлийг үнэхээр ярих шаардлагагүй болно. Харин өр нь өөрөө асуудал болж байгаа энэ үед хэн, хаанаас санхүүжих нь тодорхойгүй том бүү хэл замын хашлага солих ширхэг гантиг чулууны мөнгө ч хайран биш гэж үү
Цаашдаа нүүрс дээр ирсэн их найдварыг бууруулж, эрдэс баялгийн орлогоос үл хамааран тогтвортой, үр ашигтай байхуйц төрийн худалдан авалтыг бий болгох, түүний олон хувьсагчийг бодож тооцох нэн шаардлагатай болсон нь өнөөдөр, төсвийн алдагдал оны эхний хагас ч болоогүй байхад 3 их наяд хүрснээс харагдаж байна. Иргэдийнхээ халаасыг боддог төр мөн л юм бол импортыг хүчтэй дэмжиж, дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг сулруулсан, үндэсний валютаа "үхүүлсэн" төрийн худалдан авалтаас яаралтай татгалзах цаг болсон нь давхар харагдана. Нүүрсний үнэ огцом буурсан нь дан ганц төсөвт дарамт болоод зогсохгүй, гадаад валютын дотогшлох урсгал төдий хэрээр татарч, ам.доллар хомстох, дахиад л инфляцад "хэтэвчээ сэгсрүүлэх"-ийн дохио хангинана. Яг энэ үед л төсөв талаас хийх ёстой бүх тохируулгаа хийж ирээдүйгээ ч, өнөөдрөө ч аврах цаг үе тулж ирээд байна.