Т.Бямбанаран
Австралийн уул уурхайн томоохон компани болох BHP групп (ASX: BHP) Танзани улс дахь 942 сая ам.долларын өртөгтэй “Kabanga” никелийн төслөөс гарахаар шийдэж, төслийн түнш болох “Lifezone Metals” (NYSE: LZM) компанид өөрийн эзэмшлийн хувиа 83 сая ам.доллар хүртэлх үнээр худалдахаар болсон тухай “Lifezone” компани мэдээллээ.
Lifezone компанийн Баасан гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус компани “Kabanga Nickel Limited” (KNL) компанийн BHP-д харьяалагдах 17 хувийн хувьцааг худалдан авах бөгөөд KNL нь Танзанийн баруун хойд хэсэгт орших “Kabanga” никелийн төслийн хувьцааны дийлэнхийг эзэмшдэг ажээ.
Баасан гарагт нийтэлсэн дээрх тайланд уг төслийн үйлдвэрлэл эхлэхээс өмнөх хөрөнгө оруулалтын зардал 942 сая ам.доллар бөгөөд төслийн нийт хугацаанд зарцуулах зардал нь 2.49 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Бүтээн байгуулалтын үе шатыг оролцуулаад зургаан жилийн хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсний дараа жилд ойролцоогоор 50,000 тонн никель үйлдвэрлэх төлөвтэй байна. Төслийн эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэрийг ирэх онд гаргах юм.
BHP нь 2022 онд уг никелийн уурхай болон боловсруулах байгууламжуудад тодорхой нөхцөл, шаардлага хангагдсан тохиолдолд 100 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байв.
Хэдийгээр BHP групп “Kabanga” уурхайг дэлхийн хамгийн хэтийн төлөв өндөртэй никелийн сульфидын төслүүдийн нэг гэж үзэж байгаа ч, никелийн зах зээлийн тодорхой бус байдал болон BHP-ийн хөрөнгө хуваарилах бодлого нь ийм төрлийн цоо шинэ төслүүдэд хөрөнгө оруулахад саад учруулаад байна.
Сүүлийн жилүүдэд Индонезийн никелийн үйлдвэрлэл огцом өссөнтэй холбоотойгоор BHP никельд хандах хандлагаа өөрчилсөн. Никелийн зах зээлийн тогтворгүй байдалтай уялдан тус компани өнгөрсөн онд Австрали дахь “Nickel West” нэртэй уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, арчилгаа, хамгаалалтын горимд шилжүүлсэн бөгөөд уурхайг цаашид ажиллуулах эсэх эцсийн шийдвэрийг 2027 оны эхээр гаргах төлөвтэй байна.
Уг хэлцлийн үр дүнд “Lifezone” компани “Kabanga Nickel Limited” компанийг бүрэн эзэмших болсон байна. KNL нь “Kabanga” төслийг хэрэгжүүлж буй Танзанийн “Tembo Nickel Corporation Limited” (TNCL)-ийн 84 хувийг эзэмшдэг. Үлдсэн 16 хувийг Танзани улсын засгийн газар эзэмшдэг аж.
Мөн BHP-тэй байгуулсан өмнөх бүх гэрээ дуусгавар болж, “Kabanga” никелийн төслөөс гарах нийт бүтээгдэхүүнийг худалдах эрхийг “Lifezone” компанид бүрэн шилжүүлжээ.
Эх сурвалж: mining.com