Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ОРЛОГО 2025 ОНД 42.4%-ИАР БУУРЧЭЭ

Т.Бямбанаран

Монгол Улсын эдийн засгийн гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт 2025 оны эхний 5 сард огцом буурсан дүнтэй гарлаа. Үндэсний статистикийн хорооноос гаргасан гадаад худалдааны тайланд дурдсанаар дээрх хугацаанд нүүрсний экспортын хэмжээ огцом буурч, улсын валютын орлого болон төсвийн гүйцэтгэлд мэдэгдэхүйц дарамт учруулаад байна.

Тодруулбал, Монгол Улс нийт 29.3 сая тонн чулуун нүүрс экспортолж, 2.2 тэрбум ам.долларын орлого олсон. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 42.4%-иар буурсан үзүүлэлт юм.

Харин хүрэн нүүрсний хувьд экспортын хэмжээ 2.45 сая тоннд хүрч, 2.2 дахин өссөн аж.

Үүнийгээ дагаад экспортын орлого нь 47.4 сая ам доллароор эрс нэмэгдсэн тухай дээрх тайланд дурдсан байна. Гэвч хүрэн нүүрс биет хэмжээ болон орлогын хувьд чулуун нүүрсний хаана нь ч хүрэхгүй бага тул экспортын орлогыг нөхөж хараахан дийлэхгүй.

Манай улсын нүүрсний экспорт ийнхүү буурсны гол шалтгаан нь экспортын биет хэмжээнээс илүүтэй дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ эрчимтэй унасантай нягт уялдаатай. Нүүрсний хилийн дундаж үнэ оргил цэгтээ хүрсэн 2022 оноос хойш тогтмол буурсаар энэ оны 5 дугаар сарын байдлаар тонн тутамд 47.2 ам.доллароор багасаад байгаа билээ. Мөн БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл, ногоон эрчим хүч рүү шилжих бодлого болон нүүрсний импортын зохицуулалт зэрэг хүчин зүйлс чулуун нүүрсний эрэлт болон үнэд сөргөөр нөлөөлж байгаа нь илт байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2024 онд дэлхийн нүүрсний хэрэглээ өссөн ч энэ хурд мэдэгдэхүйц саарав. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 2025, 2026 онд буурах төлөвтэй байгаа бөгөөд энэ оны эхний улиралд 21%-иар унасан нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, Хятад тэргүүтэй Азийн орнуудын импортын эрэлт суларч, Европ болон Хойд Америк дахь нүүрсний хэрэглээ багассанаас үүдэлтэй.

Геополитикийн хурцадмал байдал, дэлхийн улс орнуудын эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдал нүүрсний эрэлтэд дарамт учруулж буйн илрэл энэ юм.

Хөгжиж буй орнуудад эрчим хүчний эрэлт нэмэгдэж буй өнөө үед сэргээгдэх эрчим хүч дэлхийн анхаарлын төвд нэгэнт оржээ. Үүнээс үүдэн нүүрсний эзлэх хувь хумигдаж мэдэхээр байна. Үүгээр ч зогсохгүй Хятадын нүүрсний хэрэглээ энэ оноос эхлэн зогсонги байдалд орох магадлалтайг шинжээчид онцолжээ.

2025 оны эхний 5 сарын экспортын үзүүлэлт нь Монгол Улсын эдийн засаг дэлхийн зах зээлийн савлагаа, нүүрсний үнэ, Хятадын эрэлт хэрэгцээнээс хамааралтай хэвээр байгааг харууллаа. Нүүрсний биет хэмжээ төдийлөн буураагүй ч, үнийн уналтаас шалтгаалан экспортын орлого бараг тал хувиар багассан нь үүнийг баталж буй хэрэг билээ.