Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Соронзон ховор элементүүдийн эрэлт 2035 он гэхэд гурав дахин нэмэгдэнэ

Т.Бямбанаран

Дэлхийн улс орнууд цэвэр эрчим хүч рүү шилжихээр эрмэлзэж буй өнөө үед соронз үйлдвэрлэхэд ашигладаг ховор элементийн зах зээл 2035 он гэхэд гурав дахин тэлэх төлөвтэй байгаа нь дэлхийн нийлүүлэлтийн хомсдолыг улам гүнзгийрүүлж болзошгүй хэмээн “McKinsey & Company” компанийн тайланд дурджээ.

Соронзон ховор элемент гэдэг нь цахилгаан хөдөлгүүр, салхин сэнс зэрэгт өргөнөөр хэрэглэгддэг, хамгийн хүчтэй байнгын соронз тул зах зээлийн эрэлт ихтэй. Эдгээр соронзонг үйлдвэрлэхэд ихэвчлэн дөрвөн төрлийн ховор элемент шаардлагатай байдаг. Үүнд неодим (Nd), празеодим (Pr), диспрозий (Dy), тербий (Tb) багтдаг аж.

“McKinsey”-гийн тооцоогоор эдгээр соронзон ховор элемент нь нийт үйлдвэрлэлийн хэмжээний 30 хувийг эзэлдэг хэдий ч, зах зээлийн нийт үнэлгээний 80 хувийг дангаараа бүрдүүлж байна.

Сэргээгдэх эрчим хүчний технологид онцгой ач холбогдолтой эдгээр элементийн эрэлт 2022 онд 59 мянган тонн байсан бол 2035 он гэхэд 176 мянган тонн болж гурав дахин өсөх төлөвтэй байна. Энэ өсөлтийн гол шалтгаан нь цахилгаан автомашины хэрэглээ хурдацтай нэмэгдэж буй явдал юм. Цахилгаан автомашин үйлдвэрлэлд ховор элемент бүхий соронзонг үргэлжлүүлэн их хэмжээгээр ашиглах шаардлага байсаар байна. Учир нь эдгээр соронзон элементийг орлуулах зэс ороомог соронз гэх зэрэг хувилбар хөгжиж байгаа ч хүрэлцээтэй, үр ашигтай байж хараахан чадахгүй байгаа. Үүнээс гадна салхин эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын өсөлт ч мөн нөлөөлж буй.

Нөгөөтээгүүр, нийлүүлэлт хомсдохын зэрэгцээ үнэ нь өсөх хандлагатай байна. Нэн ялангуяа, Хятадын үйлдвэрлэлийн талаарх төсөөлөл тодорхойгүй байгаа нь нийлүүлэлтийн тасалдлыг 30 хувьд хүргэж болзошгүй хэмээн “McKinsey” компани анхааруулжээ. Учир нь, тус улс дэлхийн ховор элементийн олборлолт, боловсруулалтад ноёрхлоо тогтоосон цорын ганц улс гэхэд хилсдэхгүй.

Хятад улс ховор элементийн нийт олборлолтын 60 гаруй хувийг, боловсруулалтын 80 орчим хувийг дангаараа эзэлж байна. Дээрх тайланд дурдсанаар хөнгөн ховор элементүүд (light REEs)-ийн хувьд 2035 он хүртэл Хятадаас хамааралтай байдал үргэлжилнэ гэжээ. Харин салхин сэнс, цахилгаан автомашин, робот зэрэг өндөр үзүүлэлт бүхий технологид чухал нөлөөтэй хүнд ховор элементүүдийн (heavy REEs) 60 гаруй хувийг Ази-Номхон далайн бүсэд олборлож, дийлэнх хувийг нь мөн л Хятадад боловсруулах төлөвтэй байна.

Хэдийгээр дэлхий дахин Хятад улсын энэхүү ноёрхлыг 50%-иас бууруулахаар чармайж байгаа ч нийлүүлэлтийн олон эх үүсвэртэй болох үйл явц ирэх 5–10 жилийн хугацаанд аажмаар үргэлжилнэ хэмээн тус компани үзсэн аж. Мөн Хятадын зүгээс тодорхой төрлийн ховор элементийн экспортод тавьсан хязгаарлалт нь одоо ч геополитикийн эрсдэл дагуулсан хэвээр байгаа.

Түүнчлэн, Хятад улс 2035 он хүртэлх хугацаанд энэ нийлүүлэлтийн цоорхойг нөхөж чадлаа ч геополитикийн эрсдэлд өртсөөр ирсэн энэ салбарт гаднын хүчин зүйлс саад учруулсаар л байх болно хэмээн тус компани анхааруулжээ.

Эх сурвалж: mining.com