Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

ӨРНӨДИЙН СОНИРХОЛ БА ТӨВ АЗИ ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Т.Бямбанаран

Eвропын Холбооны улс орнууд түүхий эдийн хараат, эмзэг байдлаа бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эрдэс бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хангах нөөц бүрдүүлэхэд юуны түрүүнд хөрөнгө оруулалтыг дэмжих нь нэн чухал болохыг онцолж байна. Түүхий эдийн тогтвортой байдал, уул уурхайн салбарын нөлөөллийг бууруулахыг зорьж, тус салбар дахь урт хугацаатай зээл, төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг хангах хөрөнгө оруулалтаа цаг алдалгүй нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэ удаа Европын дийлэнх орнуудын хөрөнгө оруулалт Төв Ази руу чиглэж, эрдэс баялгийн нөөц нь тогтоогдсон ордыг хамтран ашиглах, эрэлтийг хангах нөөц бүрдүүлэхийг эрмэлзэж буй нь тодорхой байна. Тухайлбал, ХБНГУ-ЫН "HMS Bergbau AG" компани 2023 онд Казахстан дахь литийн хайгуулд 8 сая ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдсэн бөгөөд хэрэв нөөц батлагдвал энэ хэмжээ 500 сая ам.доллар хүртэл өсөх төлөвтэй байна. 2024 оны 8 дугаар сард Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) Казахстаны Караганда муж дахь бал чулуу олборлогч "Sarytogan Graphite" компанийн хувьцааны 17.36%-ийг худалдан авсан аж. Харин Францын "Огапо" компани Узбекистаны "Navoiyuran" компанитай ураны төсөл хөгжүүлэх урт хугацааны Хөрөнгө оруулалтын гэрээнд өнгөрсөн 3 дугаар сард гарын үсэг зурсан билээ. Мөн Германы "KfW IPEX" болон "АКА" зэрэг банкууд Узбекистаны Алмалык уул уурхай, металлургийн комбинатад зэс хайлуулах шинэ үйлдвэр барихад 146 сая еврогийн санхүүжилт олгохоор тохиролцсон нь тус улсын боловсруулах үйлдвэрлэлийг мэдэгдэхүйц сайжруулж, олон ажлын байр бий болоход чухал хувь нэмэр оруулах юм.

Эдгээрээс гадна, Төв Ази, Каспийн тэнгис, Өмнөд Кавказаар дамжин өнгөрөн Европыг Хятадтай шууд холбох худалдааны зам Транс-Каспийн тээврийн коридор буюу Төв Коридорыг хөгжүүлэх зорилгоор 2024 онд Европын Комисс 10 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээ амлаад буй. Энэхүү мэдэгдэл нь Хятадын "Бүс ба Зам" зэрэг бусад санаачилгаас ялгаатай бөгөөд нийт хөрөнгө оруулалтын дийлэнх нь хувийн хэвшлээс гарч байгаа нь онцлог. Энэхүү эдийн засгийн коридор амжилттай хэрэгжвэл дэд бүтцийн гол хүндрэл бэрхшээлүүдийг арилгаж, тээвэрлэлтийн зардлыг мэдэгдэхүйц бууруулахын зэрэгцээ Орос, Иран зэрэг хориг арга хэмжээнд өртөмтгий орнуудыг тойрон өнгөрөх боломжийг олгоно.

Энэ бүхнээс харахад Төв Азийг чиглэсэн олон улсын сонирхол цаашид ч нэмэгдэх нь тодорхой болж, ОХУ-ын зүгээс Украинд довтолсноос хойш стратегийн өндөр ач холбогдолтой бүс нутаг болоод байна.

"PwC" байгууллагын зохион байгуулсан Дэлхийн Гүйцэтгэх захирлуудын 27 дахь удаагийн чуулганд дэлхийн 105 орны 4000 гаруй гүйцэтгэх захирал оролцсоноос Монгол Улсаас 30 орчим төлөөлөл оролцжээ. 

Чуулганы үеэр танилцуулсан судалгаанд ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын итгэл найдвар сул хэвээр байна хэмээн онцолсон байна. Үүнд геополитикийн хурцадмал байдал, инфляц, чадварлаг ажиллах хүчний хомсдол зэрэг асуудлууд нөлөөлжээ.

Тус чуулганд оролцогчдын тайлбарлаж буйгаар, хөрөнгө оруулалтын урсгал Төв Азийн бүс нутаг, ялангуяа Узбекистан, Казахстан, Киргизстан руу чиглэж байгаа бөгөөд Казахстан нь бизнес эрхлэх нөхцөл байдлын хувьд Монголтой харьцуулахад илүү таатай улсад тооцогдож байна.

КАЗАХСТАН ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА

Казахстан нь бүс нутагтаа эдийн засгийн давамгай байр суурьтай, тэргүүлэх улс. Тиймээс Төв Азийг чиглэсэн ГШХО энэ оронд төвлөрөөд байна. Байгалийн баялгийн нөөц, ялангуяа нефть, байгалийн хий, нүүрсний экспорт Казахстаны эдийн засгийн үндсэн тулгуур.

Казахстаны уул уурхай, металлургийн салбар нь тус улсын эдийн засгийн цөм нь бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 14.1%-ийг бүрдүүлж, нийт экспортын 17.5% буюу ойролцоогоор 10.5 тэрбум ам.доллар уул уурхайн салбарт төвлөрч байна.

Казахстан нь голлох түүхий эдийн олборлолт, нөөцийн хувьд дэлхийд дээгүүрт ордог. Уран, зэсийн олборлолт хром, вольфрамын нөөцөөр дэлхийд толгой цохиж, алтны олборлолт болон нөөцөөрөө 13-т жагсдаг эрдэс баялгийн арвин нөөцтэй улс. Дэлхийн ураны 40%-ийг үйлдвэрлэж байна.  Сүүлийн жилүүдэд тус улс бүс нутагтаа ногоон эрчим хүчний шилжилтэд манлайлж, дуу хоолой нь болсоор байгаа. Ногоон устөрөгчийн үйлдвэрлэлээр ч мөн манлайлах боломж, бололцоо ихтэй. Ногоон устөрөгчийг сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглан гаргаж авдаг бөгөөд агaap мандалд бохирдол үүсгэдэггүй, цэвэр түлш юм.Өөр нэг давуу тал нь ирээдүйд хүнд үйлдвэр, тээврийн салбарыг эрчим хүчээр хангах боломжтой.

Үндсэн ашигт малтмалаас гадна лити, ванадий, бериллий зэрэг газрын ховор элемент, критикал минералын баялаг ордуудтай. Иймээс дэлхийн стратегийн түүхий эдийн сүлжээнд Казахстаны ач холбогдол нэмэгдсээр буй нь гайхах зүйл биш.

Казахстан улс стратегийн ач холбогдол бүхий салбарууд болон хөгжлийн гол төслүүддээ ГШХО-ыг татах таатай бодлого баримталдаг. 

Сүүлийн 30 жилийн хугацаанд тус улс 430 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан ба өнөөг хүртэл нийт гадаадын хөрөнгө оруулалтын дөрөвний гурваас илүү хувь нь уул уурхай, олборлох салбарт чиглэж иржээ. НҮБ-ийн Худалдаа, хөгжлийн байгууллагын (UNCTAD) 2023 оны тайланд дурдсанаар, НҮБ-ын бүрэлдэхүүнд багтдаг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (CIS) орнууд дотроос нэг хүнд ногдох гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр нэгдүгээрт, дэлхийн орнуудын Өрсөлдөх чадварын индексээр 35 дугаар байрт оржээ.

Казахстаны банкны мэдээллээр Нидерланд, АНУ, Франц Үндэсний улсууд 2023 онд тус улсад хамгийн их хөрөнгө оруулжээ.

ΚΑΖΑΚΗ INVEST: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Казахстан улс татварын чөлөөлөлт, гаалийн хөнгөлөлт, санхүүгийн бус дэмжлэг, гадаад ажиллах хүч авах эрх, баталгаат худалдан авалт, дэд бүтцийн дэмжлэг зэрэг олон боломжоор хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсаар байгаа. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтын тухай хууль, эрх зүйн орчин тасралтгүй сайжирч байна.

Засгийн газрын Дэргэдэх Хөрөнгө оруулалтын төв нь хөрөнгө оруулагчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэдэг бол шинээр нэвтрүүлсэн Үндэсний хөрөнгө оруулалтын Дижитал платформ төрийн бүх байгууллагыг нэгтгэсэн цахим системээр дамжуулан төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бодит дэмжлэгийг цаг тухайд нь үзүүлэх цогц үйлчилгээ аж.

Тус улс 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын 100 дугаар тогтоолоор "Kaznex Invest"-ийг өөрчилж, "Kazakh Invest" үндэсний хувьцаат компанийг байгуулсан. Энэхүү компанийн гол зорилго нь тэргүүлэх салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татах замаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад орших юм. Компанийн үйл ажиллагаа нь "2018-2027 оны Хөгжлийн төлөвлөгөө"-г мөрдлөг болгож, Казахстаныг бүс нутгийн хөрөнгө оруулалтын төв болгох үндэсний стратегийн зорилттой нягт уялдсан байдаг.

Дээрх санаачилгын хүрээнд CRM гэх тусгай системээр дамжуулан үйл ажиллагааны явцыг хянах, хүсэлт гаргах, төрийн байгууллагуудтай шууд харилцах боломжийг хөрөнгө оруулагчдад олгодог аж. Эдгээрийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулалттай 45 төсөл хэрэгжиж, нийт 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татан, 6,000 гаруй ажлын байр бий болж, олон улсын стандартын дагуу хөрөнгө оруулалтын 73 гаруй санал хүлээн авчээ. Нүүрс хими, нефть химийн бүтээгдэхүүн, газрын тос, хийн тоног төхөөрөмжийн салбарт чиглэсэн 30 орчим шинэ төслийг хэрэгжүүлж байгаа аж. Мөн саналаа илгээсэн 2,357 хөрөнгө оруулагчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

МОНГОЛ УЛС НЭГ ГАРААРАА ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ДАЛЛАДАГ Ч НӨГӨӨ ГАРААРАА ТҮЛХЭЖ БАЙНА

Манай улсын хувьд уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх хэд хэдэн хүчин зүйл бий. Тухайлбал, хууль эрх зүйн орчин нь хувьсамтгай, хувийн хэвшилд үзүүлэх дэмжлэг сул байхаас гадна, терийн хэт их оролцоо, татварын дарамт зэргээс Монголд хөрөнгө оруулахад туйлын бэрхшээлтэй байдаг аж.

Монгол дахь Америкын Худалдааны Танхим (АмЧам Монгол) "Монгол дахь хөрөнгө оруулагчдын итгэл" сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 29-нд зохион байгуулж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны бодит байдал, хөрөнгө оруулагчдыг хамгаалах эрх зүйн орчин, тэдэнд үзүүлэх ил тод, найдвартай төрийн үйлчилгээ зэрэг олон асуудлыг хэлэлцсэн юм.

Хурлын үеэр "Мелвилл Эрдэнэдалай" хуулийн фирмийн Хуулийн зөвлөх Ц.Байгалмаа хэлэхдээ, "Үндэсний баялгийн сангийн тухай хууль 2024 оны 4 дүгээр сард батлагдсан. Энэ хуультай зэрэгцээд Ашигт малтмалын тухай хуульд гэнэтийн заалтууд нэмэгдсэн. Нэгдүгээрт, уг хуулийн шинэчилсэн найруулгын 5.4-т улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг үнэ төлбөргүйгээр төр эзэмшинэ" хэмээн заасан. Мөн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр (АМНАТ) орлуулж болно.

Хоёрдугаарт, "Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын  гэрээ байгуулаагүй, орон нутгийн оролцоогүй Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд нэг хөрөнгө оруулагчийн эзлэх хувь нь 34%-иас ихгүй байна" гэсэн заалт бий. Үүнээс үзвэл, төр стратегийн ач холбогдол бүхий ордод заавал хувь эзэмшинэ гэсэн үг. Нөгөө талаар бизнес эрхлэгчид заавал төртэй хамтрах шаардлага үүсэх нь" гэсэн юм.

"Гэтэл Монгол Улсын Засгийн газар хэр сайн бизнес эрхлэгч, түнш билээ?! Энэ нөхцөл байдлыг татвар, АМНАТ-өөр зохицуулаад төр аль болох хувь эзэмшихгүй байхаар зохицуулах хэрэгтэй гэж үзэж байна.

Хоёрт, "хэрэв төрийн оролцоогүй, Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй бол нэг хувьцаа эзэмшигч нь тэр төслийг бүрэн удирдаад явах боломжгүй, заавал хоёрдогч эсвэл бүр гуравдагч хөрөнгө оруулагчийг татаж ирүүлэх шаардлага гарч байна" гэдгийг тэрбээр мөн тодотгосон.

Монгол Улсын хувьд 2007 онд УИХ-ын тогтоол гарч 16 ордыг стратегийн орд хэмээн бүртгэсэн. Мөн уг тогтоолд 39 ордын нөөцийг тогтоогоод цаашид стратегийн ач холбогдолтой орд гэж ангилах эсэхийг шийдвэрлэхийг даалгасан байдаг. Үүнээс харахад, тэрхүү 39 ордын хувьд төр цаашдаа стратегийн ордод хамруулах магадлал бий.

Тиймээс гадаадын хөрөнгө оруулагч нэг ордод үйл ажиллагаа явуулж байтал түүнийг нь "стратегийн орд" гэж ангилаад төр хувь эзэмшинэ гэх бүрэн боломжтой. Үүнээс гадна, хуулийнхаа дагуу хоёрдогч, гуравдагч хөрөнгө оруулагчийг шаардах магадлалтай. Иймд Монгол Улс нэг гараараа хөрөнгө оруулагчдыг даллаад нөгөө гараараа түлхээд байна" гэдгийг тэрээр сануулсан юм.

"Үндэсний баялгийн сангийн тухай хууль бол Сингапур, Норвегийн хуульд суурилан гаргасан "хуулбар" хууль. Ингэхээр агуулгын хувьд асар том ялгаа үүснэ. Норвег улс баялгийн сангаа "шингэн баялаг буюу нефть, байгалийн хийн орлогоос бүрдүүлдэг. Шингэн баялгийн онцлог нь маш өндөр маржинтай, түүнийг олборлоход гарсан зардлаас хэд дахин илүү ашиг олдог онцлогтой. Тэгтэл манай улс нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр, газрын ховор элемент зэрэг хатуулаг баялгийн нөөцтэй. Энэ төрлийн баялаг нь маржин харьцангуй багатай. Манай Засгийн газар аль болох богино хугацаанд баялгийн сангаа бүрдүүлж, мега төслүүдээ урагшлуулъя гэдэгт л анхаарлаа хандуулаад байна.

Хуульдаа гэнэтийн өөрчлөлтүүд оруулаад байгаа нь уул уурхайн салбарт үйлдвэр эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдад тун хүндрэлтэй байна. Засгийн газрын гэнэтийн шийдвэр, урьдчилан таамаглашгүй байгаагаас үүдэн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах боломж хумигдсан. Тэгэхээр мега төсөл хөгжүүлэх, баялгийн сан бүрдүүлэх байтугай, эсрэгээрээ энэ салбарт хөрөнгө оруулалт багасах нөхцөл байдал үүссэн. Төр ухаалаг бодлогоор зохицуулалтаа сайн хийж, хувийн хэвшлийн өсөж, өндийх талбарыг нь чөлөөлж өгөх ёстой" гэх байр суурийг хэлэлцүүлгийн үеэр илэрхийлсэн байна.

ТАТВАРЫН ДАРАМТ ЗАРИМ ТОХИОЛДОЛД 100%-Д ДӨХӨЖ БАЙНА

Монгол Улсад хөрөнгө оруулагчдын хувьд татварын дарамт "толгойны өвчин болсоор ирсэн. Энэ тухай "Эрнст энд Янг Монголия Аудит" ХХК-ийн Олон улсын татвар ба арилжааны үйлчилгээ эрхэлсэн хамтрагч Р.Хишигнэмэх ярихдаа, "Татварын орчин бол Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхэд тулгарч буй гол бэрхшээлүүдийн нэг. Ялангуяа уул уурхайн салбарын татварын дарамт нь бусад орнуудтай харьцуулахад маш өндөр байгаа нь том асуудал. Жишээлбэл, олон улсын түвшинд уул уурхайн салбарт нийт татварын хамжээ 40-50%-ийн хооронд байвал тэнцвэртэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, уурхайн нийт ашиг орлогын  тэн хагас нь татвар, роялти гэх мэт хэлбэрээр төрд очиж, нөгөө хагас нь хөрөнгө оруулагчдад үлдэж хайгуул, үйл ажиллагааны цаашдын зардал, байгаль орчны үүргээ биелүүлэхэд зарцуулагддаг. Гэтэл Монголд энэ хэмжээ 60-80%-тай байгаа бол зарим төсөл дээр бүр 100%-д ойртсон тохиолдол ч бий. Үүнээс үүдэн хөрөнгө оруулах боломжгүй болж байна" гэсэн юм. 

Тэрээр хэлэхдээ, "Дээрх татварын дарамт нэмэгдээд роялти буюу нөөц ашигласны төлбөр өндөр хэвээр байна. Энэ бүхний нийлбэр дүнд ачаалал хүндэрч, уул уурхайн компаниуд үр ашиггүй ажиллахад хүрдэг. Өөр нэг ноцтой асуудал бол эхний  шатны хөрөнгө оруулалтад ногдуулдаг гүйлгээний татвар. Уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулалт хийхэд энэхүү татвар асар өндөр өртөгтэй байдаг бөгөөд зарим тохиолдолд татварын зардал нь хөрөнгө оруулалтын хэмжээнд дөхөж очдог. Үүний улмаас олон удаагийн IРО, хувийн болон стратегийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нурж байна. Мөн Монголын татварын албатай холбоотой асар их хэмжээний татварын маргаанаас шалтгаалан дампуурлын ирмэгт тулж ирсэн компанийн жишээ ч бий. Ийнхүү татварын дарамтаас шалтгаалан хөрөнгө оруулагчид манай зах зээлийг орхин гарч байгаа нь үнэн. Гэхдээ Засгийн газар татварын шинэчлэл хэрэгжүүлж эхэлсэн  бөгөөд хувийн хэвшлээс санал, зөвлөмж авч байгаа нь сайшаалтай юм" гэлээ.

МОНГОЛ ДАХЬ ТОДОРХОЙ ГАНЦ ЗҮЙЛ НЬ "ТОДОРХОЙ БУС" БАЙДАЛ

Хуулийн зөвлөх Ц.Байгалмаагийн хэлснээр хөрөнгө оруулалтын орчныг сайжруулъя гэхээр дан ганц Хөрөнгө оруулалтын тухай хуульд анхаараад ямар нэмэлт, өөрчлөлт хийх, хэрхэн хэрэгжүүлэх зэрэгт төвлөрөөд байдаг. Гэтэл хөрөнгө оруулалт гэдэг бол цогц систем. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татъя гэвэл нэмэлтээр Ашигт малтмалын тухай хууль зэрэг дагалдах хууль, дүрэм, журам, татварын орчноо цогцоор нь харах хэрэгтэй. Монгол Улсын тухайд хөрөнгө оруулагчийн эрх ашгийг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар маш сайн хангадаг. Товчхондоо, манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд бодлогын түвшинд сайн ажиллаж байгаа ч хэрэгжилт дээр, бусад хуулийн уялдаа холбоог хангах тал дээр алддаг. Тухайлбал, дээр дурдсанчлан гэнэтийн өөрчлөлт, нэмэлт заалтууд орж ирдэг.

Мөн төрийн зүгээс удаан хугацаанд гэрээнүүдэд yл суурьтай шийдвэр гаргах шаардлагатай. Жишээлбэл, сэргээгдэх эрчим хүчний салбарт хэд хэдэн гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Тад ихэвчлэн 20 жилийн хугацаанд Монгол Улсад тогтмол эрчим хүч нийлүүлнэ гээд цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Гэхдээ сүүлийн үед асуудал гараад байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооноос 20 жилийн хугацаанд төлөх тарифаа буулгая гэх шахалтуудыг үзүүлж байна. Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний зарим зүйл, заалтыг төр биелүүлэхгүй байх үзэгдлүүд хүртэл гарч байна. Нэгэнт шийдвэр гаргасан л бол алдагдалтай байсан ч дагаж биелүүлэх хэрэгтэй, эргэж буцаж болохгүй. Дараа дараагийн төслүүд дээр алдаанаасаа суралцаад илүү бодитоор тарифаа батлах боломжтой.

Ингэж байж Монгол Улс амлалтдаа хүрдэг, гэрээнийхээ үүргийг биелүүлдэг гэх итгэлийг гадаадын хөрөнгө оруулагчдад өгч чадна хэмээн хурлын үеэр ярьсан юм.

"PwC Mongolia" ба "PwC Azerbaijan" байгууллагын Улс хариуцсан хамтрагч Шаукат Тапиа хэлэхдээ, "Хөрөнгө оруулагчдын хувьд Монголын ганц тодорхой зүйл нь "тодорхой бус" байдал гэдгийг нуух юун. Гэтэл хөрөнгө оруулагчдад хамгийн чухал зүйл бол тогтвортой, тодорхой, ойлгомжтой дүрэм журам, урьдчилан таамаглах боломж. Азербайжан зэрэг Төв Азийн зарим оронд дүрэм журам нь хатуу байж болох ч, тогтвортой байдаг. Харин Монголд эрх зүйн зохицуулалтууд. тэдгээрийн тайлбар нь байнга өөрчлөгдөж байдгаас болж урт хугацааны төлөвлөлт хийх боломжгүй болдог сул талтай" гэдгийг онцолсон. Ийнхүү Монгол Улсын хувьд сорилт бэрхшээл, алдаа дутагдал байсаар байгаа ч дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол сэргээгдэх эрчим хүчний салбарт эрс нэмэгдэж байгаа. Энэ нь Засгийн газраас гаргаж буй бодлогын шинэчлэл болон Монгол Улсын байгалийн баялгийн нөөцөөс хамаарч буй хэрэг. "Хэрэв хууль, эрх зүйн орчин тогтвортой байж чадвал энэ салбарт 1 тэрбум ам.доллароос давсан хөрөнгө оруулалт татах боломжтой. Ойрын хугацаанд нүүрснээс илүүтэй зэс, алт руу чиглэсэн өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай" хэмээн Европын сэргээн босголт хөгжлийн банкны Дэд захирал С.Баасансүрэн хэлжээ.

Монгол Улс Казахстан тэргүүтэй Төв Азийн орнуудын адилаар байгалийн нөөц, баялаг арвинтай. Дэлхий дахин сэргээгдэх эрчим хүч, критикал минералын салбарт түлхүү анхаарах болсон өнөө үед өөрсдийн нөөц, бололцоондоо тулгуурлан ГШХО-ыг татахын тулд тулгамдсан хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай аж. Юун түрүүнд эрх зүйн зохицуулалтаа тогтвортой, урьдчилан таамаглахуйц болгох, хоёрт, хөрөнгө оруулагчдыг ил тод мэдээллээр хангах нэгдсэн тогтолцоо бий болгох нь зүйтэй. Мөн манай улсын хувьд хөрөнгө оруулагчдыг өөрөөсөө түлхдэг нэг хүчин зүйл нь яах аргагүй татварын орчин. Тиймээс бодлого боловсруулагчид шийдвэр гаргахдаа хувийн хэвшил, хуулийн байгууллагууд болон гадаадын худалдааны танхимуудын санал, зөвлөмжийг тусган тал талын оролцоог хангах нь шинэчлэлийн явцад ихээхэн тустай юм.