Т.Бямбанаран
МОСКВА/АСТАНА, 7 дугаар сарын 30 (Ройтерс) – Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын Мягмар гарагт /2025.07.29/ хийсэн уулзалтын үеэр Казахстаны газрын тосыг Баку-Тбилиси-Джейхан (БТД) хоолойгоор дамжуулан экспортлох хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн талаар Казахстаны Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба мэдээлэв.
Баку–Тбилиси–Джейхан хоолой нь Каспийн тэнгис дэх Азери–Чираг–Гүнашли ордоос Газар дундын тэнгис хүртэл түүхий тос болон шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэх зориулалттай, нийт 1,768 км урттай. Энэхүү хоолой нь Гүржийн нийслэл Тбилисээр дамжуулан Азербайжаны нийслэл Бакуг Туркийн зүүн өмнөд Газар дундын тэнгисийн эрэгт орших Джейхан боомттой холбодог.
“Талууд эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд, тэр дундаа Баку–Тбилиси–Джейхан газрын тосны хоолойгоор дамжуулан экспортын хэмжээг нэмэгдүүлэх төлөв байдлын талаар санал солилцлоо” хэмээн тус мэдэгдэлд дурдсан боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Казахстаны Ерөнхийлөгч Токаевын Турк улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын дээд түвшний стратегийн хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд эрчим хүч үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаа ч мөн багтжээ.
Казахстан улсын статистикийн газрын мэдээллээр тус улс 2025 оны эхний хагас жилийн хугацаанд БТД хоолойгоор экспортолсон газрын тосны хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12%-иар нэмэгдүүлж, нийт 785,000 тонн буюу өдөрт дунджаар 34,000 баррельд хүргэсэн аж.
Газрын тосыг Каспийн тэнгисээр дамжуулан Актау боомтоос танкераар Баку руу тээвэрлэдэг бөгөөд экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд тус боомтыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн Казахстаны газрын тосыг БТД хоолойгоор дамжуулахын тулд тус хоолойд нийлүүлэх газрын тосны чанарын шаардлагуудыг хангах ёстой аж.
Казахстан 2029 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөндөө Каспийн тэнгисийг хөндлөн гарах газрын тосны хоолой болон Казахстан, Азербайжаны эргийн бүсэд тэнгисийн терминал байгуулах боломжийг тусгажээ.
Газрын тосны экспорт бол Казахстаны төсвийн гол эх үүсвэр бөгөөд тус улс нь дэлхий дээрх хамгийн том далайд гарцгүй орон. Тус улс газрын тосоо олон улсын зах зээлд нийлүүлэх үндсэн хоёр гарц нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан Хар тэнгис болон Балтын тэнгисийн боомтуудад хүргэх явдал юм.
Казахстаны статистикийн газрын мэдээлснээр 2025 оны эхний зургаан сарын байдлаар Оросын боомтуудаар дамжин өнгөрөлгүй, тойруулан экспортолсон газрын тос нийт экспортын буюу 32.6 сая тонн хэмжээний ердөө 5.9%-ийг эзэлсэн бөгөөд энэ үзүүлэлт 2024 оны түвшнээс өөрчлөгдөөгүй хэвээр байна.
2022 онд Ерөнхийлөгч Токаев Казахстаны газрын тосны экспортыг Оросын нутгийг тойруулан нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон мэдэгдсэн. Үүний дараагаар “КазМунайГаз” болон Азербайжаны төрийн өмчит газрын тосны компани “SOCAR” нар Казахстаны баруун хойд хэсэгт орших Тенгизийн ордоос жил бүр 1.5 сая тонн газрын тосыг БТД хоолойгоор тээвэрлэх тухай гэрээ байгуулжээ.
Эх сурвалж: reuters.com