Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийв

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны гол үзүүлэлтүүдээ танилцууллаа. Тайланд дурдсанаар тус компани 2025 оны эхний зургаан сард нийт 1.3 сая тонн нүүрсийг 20 удаагийн цахим арилжаагаар борлуулж, 2.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олжээ.

Энэ хугацаанд компанийн цэвэр ашиг 1.1 их наяд төгрөгт хүрч, улсын төсөвт 742.2 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн нь эдийн засгийн өсөлт, гадаад валютын орлогыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр болж байна.

Мөн тайлант хугацаанд нийт 13.8 сая тонн нүүрс олборлож, 10.2 сая тонн нүүрсийг экспортод гаргасан нь экспортын хэмжээ тогтвортой байгааг харуулж байна.

Тус компани нь 2023 оны хоёрдугаар сараас хойш нүүрсийг зөвхөн Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод байдлаар, хил нөхцөлөөр арилжиж байгаа бөгөөд энэ аргачлал нь нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох, валютын орлогыг нэмэгдүүлэх зорилготой.

Биржийн арилжаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 135 удаагийн арилжаа зохион байгуулж, 26.3 сая тонн нүүрсийг үнэ өсгөх зарчмаар биржээр борлуулаад байна.

Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК