Т.Бямбанаран
АНУ-ын бодлогын судалгааны байгууллага болох “Global Energy Monitor”-ын Мягмар гарагт /2025.07.2/ нийтэлсэн тайланд дурдсанаар 2024 онд дэлхий даяар шинээр барьж байгуулсан нүүрсний уурхайн хүчин чадал сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн ажээ. Гэхдээ БНХАУ-д хэрэгжихээр төлөвлөгдсөн төслүүдээс үүдэн нүүрсний нийлүүлэлтийн илүүдэл үүсэх эрсдэлтэй хэвээр байна.
Дээрх тайланд тэмдэглэснээр 2024 онд дэлхий дахинд шинээр ашиглалтад орсон нүүрсний уурхайнууд жилдээ нийтдээ 105 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай байна. Энэ нь 2023 онтой харьцуулахад даруй 46%-иар буурсан үзүүлэлт бөгөөд сүүлийн 10 жилд бүртгэгдсэн хамгийн бага өсөлт болжээ.
Өөрөөр хэлбэл, 2024 оны байдлаар дэлхийн улс орнуудын нүүрс олборлох нийт хүчин чадал 8.9 тэрбум тонн байхад, шинээр нэмэгдсэн энэхүү 105 сая тонн нь ердөө 1%-ийг л эзэлж байна. Иймээс нүүрсний салбарт шинэ төслүүдийн эрч буурч байгааг харж болно.
Мөн дэлхийд нүүрсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнууд болох Хятад болон Энэтхэгт 2024 оны байдлаар нүүрсний уурхайн барилга, бүтээн байгуулалтын төлөвлөгөө өмнөх онуудтай харьцуулахад удааширсан нь дээрх өөрчлөлтөд нөлөөлсөн. Гэвч энэхүү буурах үзэгдэл удаан үргэлжлэхгүй гэж судлаачид үзжээ.
“Нүүрсний олборлолт удааширсан нь хэд хэдэн гол шалтгаантай. Тухайлбал, өргөтгөлийн зөвшөөрлийг олгох явц сунжирсан, нүүрсний уурхайн хөгжлийн үе шатууд урт хугацаа шаарддаг онцлогтой, мөн сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас эрэлт огцом өсөж, олон шинэ төсөл хэрэгжсэнтэй холбоотойгоор эрэлт, нийлүүлэлтийн дарамт тодорхой хэмжээнд намжсан зэрэг хүчин зүйл нөлөөлсөн” хэмээн судлаачид дүгнэжээ.
Хятад улсад нүүрс болон эрчим хүчний хомсдол үүсэж, эрчим хүчний аюулгүй байдлын талаарх болгоомжлол нэмэгдсэний улмаас 2022 онд нүүрсний уурхайн төслүүдэд зөвшөөрөл олгох нь эрс өссөн. Гэвч уг хомсдол аажмаар илүүдэлд шилжихийн хэрээр шинэ төслүүдийн тоо буурсан ажээ.
Одоогоор бүтээн байгуулалт, хөгжлийн шатандаа явж буй, жилд нийт 2.27 тэрбум тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхайнуудын 1.35 тэрбум тонн нь зөвхөн Хятадад төвлөрч буй. Энэ нь бусад бүх орны нийлбэр дүнгээс ч давсан үзүүлэлт юм. Хэрэв эдгээр төсөл бодитоор хэрэгжиж эхэлбэл 2012–2025 оны хооронд тулгарсан хэт нийлүүлэлтийн асуудлыг Хятад улс дахин давтах эрсдэлтэй хэмээн судлаачид анхааруулжээ.
2015 онд тус улс нүүрс, гангийн илүүдэл үйлдвэрлэлээ бууруулахын тулд томоохон хэмжээний нийлүүлэлтийн шинэчлэл хийж, олон үйлдвэр, уурхайн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авсан. Энэ үе шатыг өнөөдөр дахин сануулах шаардлага үүсэж байна.
“Global Energy Monitor” байгууллагын судалгааны өгөгдөлд шинээр байгуулах, өргөтгөх болон дахин ашиглалтад оруулах нийт 850 уурхайн төсөл хамрагдсан бөгөөд эдгээрийн бараг 90%-ийг Хятад, Энэтхэг, Австрали болон Орос зэрэг орнуудын төсөл бүрдүүлжээ.
НҮБ-ын тооцооллоор дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барихын тулд 2030 он гэхэд нүүрсний олборлолтыг 2020 оны түвшнээс дор хаяж 75%-иар бууруулах шаардлагатай гэж үзэж байгаа.
Гэтэл “Global Energy Monitor” байгууллагын мэдээлснээр Хятадын ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уурхайнуудын нэг болох Өвөр Монгол дахь Чантан ил уурхайн хувьд метан хийн ялгарлаараа дэлхийд хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг нүүрсний уурхайнуудын нэг болох эрсдэлтэй. Метан нь агаар мандалд нүүрстөрөгчийн давхар ислээс хэд дахин хүчтэй нөлөө үзүүлдэг хүлэмжийн хий юм.
Эх сурвалж: reuters.com