Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Сайд Г.Дамдинням “Цемент шохой” ХХК-д ажиллаж, үйлдвэрлэлийн саатлын гол шалтгааныг тодрууллаа

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням 2025 оны 8 дугаар сарын 3-ны өдөр “Цемент шохой” ХХК-д гэнэтийн шалгалт хийж, үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Шалгалтаар тус компанийн үйл ажиллагаа түүхий эдийн хомсдол, түлшний нийлүүлэлтийн тасалдлаас шалтгаалан зогссон байдалтай байгааг тогтоосон байна. Тухайлбал, 2025 оны 5-р сарын 28-наас хойш чулуунцрын үйлдвэр зогсож, энэ хугацаанд нийт 62.7 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй болсон бөгөөд мөн 7860.6 тонн шохой үйлдвэрлэх боломжоо алдсан нь “Эрдэнэт үйлдвэр”-т нийлүүлэлт хийхэд нөлөөлжээ.

Мөн түүхий эдийн тохируулгын нэмэлт материал болох төмрийн хүдрийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс худалдан авдаг байсан ч “Уул уурхайн биржийн тухай” хуулийн зохицуулалтаас шалтгаалж худалдан авалт зогссон байна. Үүнээс гадна төрийн худалдан авалтын журмаас үүдэн түлш, түүхий эдийн татан авалт удааширч, үйлдвэрийн үйл ажиллагаа хоёр сар орчим тасалдахад хүрчээ.

Сайд Г.Дамдинням үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох байгууллагуудад түүхий эд, түлшний тогтвортой нийлүүлэлтийг хангах, үйлдвэрлэлийг хэвийн горимд оруулах шийдэл боловсруулж танилцуулах үүрэг чиглэл өгсөн байна.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам