Монголын уул уурхай, эдийн засгийн мэдээ мэдээллийг монгол, англи хэл дээр түгээдэг анхны мэргэжлийн хэвлэл болох “The Mongolian Mining Journal” 200 дахь дугаараа гаргалаа. 2008 оны 11 дүгээр сард анхны дугаараа хэвлүүлснээс хойш 17 жилийн турш сар бүр тогтмол гарсаар, салбарын мэдээллийн анхдагч эх сурвалж болжээ.
MMJ нь хараат бус, бие даасан сэтгүүл бөгөөд нийгэм дэх олон талт байр суурь уул уурхайн салбарын хөгжил, эдийн засгийн бодлого, бизнесийн орчны талаар мэдээ мэдээлэл уншигчдад хүргэдэг. Уул уурхай, эдийн засаг, бизнесийн сэдвээр мэргэшсэн, олон жилийн туршлагатай баг ажилладаг.
Сар бүрийн дугаарт:
Монголын уул уурхайн бодлого, чиг хандлага, шинэчлэлийн талаарх мэдээлэл, дүн шинжилгээ
Төрийн албан тушаалтнууд, салбарын удирдагчид, судлаач, мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагууд
Дэлхийн уул уурхайн үйл явдлууд болон тэдгээрийн Монголд үзүүлэх нөлөөллийн тухай мэдээ мэдээлэл
Уул уурхайн салбарт нөлөөлөх хууль, улс төр, эдийн засгийн өөрчлөлтийн талаарх хараат бус байр суурь зэрэг багтдаг.
Бид уул уурхай, эдийн засаг, бизнес, улс төрийн шийдвэр нөлөөлөл зэргийг судлан дүн шинжилгээ хийхэд түлхүү анхаарч, мэргэжлийн эх сурвалжуудтай харилцан, бодитой мэдээлэл түгээдэг. Мөн дотоод, гадаадын салбарын шинжээч, судлаач, хуульч, судалгааны байгууллагуудтай тогтмол хамтран ажилладаг.
MMJ нь “Mongolia Mining”,“MiningWeek & MinePro”, “PDAC” зэрэг томоохон олон улсын хурал чуулган, арга хэмжээ, үзэсгэлэнгийн албан ёсны мэдээллийн түншээр тогтмол ажилладаг арвин туршлагатай.
Сэтгүүлийг Монгол Улсын төр, хувийн хэвшлийн байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчид, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниуд, ханган нийлүүлэгчид, орон нутгийн төлөөлөл, олон улсын байгууллага, судалгааны төвүүд мөн хилийн чанадад суугаа уншигчид өргөнөөр захиалан уншдаг.
“The Mongolian Mining Journal” сэтгүүлийн 200 дахь дугаар бол зөвхөн тоон үзүүлэлт бус, харин 200 удаа салбарын үнэ цэнтэй мэдээлэл, бодлого, ойлголцлыг бүтээсэн түүхэн тэмдэглэл юм. Цаашид ч уул уурхайн салбарын хариуцлагатай хөгжил, эдийн засгийн бодит байдлыг мэргэжлийн түвшинд хүргэх зорилгоо үргэлжлүүлсээр байх болно.