Засгийн газрын хуралдаанаар /2025.08.20/ Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцох шинэ журмыг танилцууллаа.
Өмнө нь АМНАТ-ыг жишиг үнээр тооцож, бодит борлуулалтын үнээс 20-50 хувиар өндөр төлбөр ногдуулдаг байсан нь компаниудад санхүүгийн дарамт учруулж байв. Жишээ нь, баяжуулсан коксжих нүүрс 22.6%, хайлуур жонш 54.3%, төмрийн хүдэр 26.6%-иар илүү үнээр тооцогддог байжээ.
Харин шинэ журмаар экспортлогч компани бүтээгдэхүүнийхээ 25 хувийг биржээр арилжаалбал нийт бүтээгдэхүүний АМНАТ-ыг биржийн үнээр тооцохоор болсон байна. Энэ өөрчлөлтөөр биржийн арилжаа нэмэгдэж, улсын төсөвт ойролцоогоор 100 тэрбум төгрөгийн нэмэлт орлого төвлөрнө гэж тооцжээ.
Мөн өмнө нь хууль, журмын зөрчлөөс болж зогссон 47 баяжуулах, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамж шийдэгдэж, 30 гаруй компанийн 55 гэрээгээр 100 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдэж байгаа аж.
Ингэснээр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эргэн сэргэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох шинэ гарц нээгдэхээр байна. Шинэ журам 2025 оны12 дугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.