Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Тэлмэн Ресурс” ХХК “LF-07” ЦООНОГИЙГ АМЖИЛТТАЙ ӨРӨМДӨЖ, 54 МЕТР НҮҮРСНИЙ ДАВХАРГА ИЛРҮҮЛЭВ

“Тэлмэн Ресурс” ХХК (ASX: TMK) нь ГУРВАНТЭС-XXXV нүүрсний давхаргын метан хийн төслийн хүрээнд Нарийн сухайтын нүүрсний ордын талбайд туршилт олборлолтын 7 дах цооног болох “Lucky Fox-7”-г (LF-07) 420 метрийн гүнд бүрэн гүйцэт өрөмдөж дуусгажээ.

Урьдчилсан геофизикийн бичилтийн үр дүнгээр энэхүү цооног нь ойролцоогоор 54 метрийн үр ашигтай нүүрсний давхаргатай хэмээн тооцоолсон нь өмнөх туршилтын цооногуудын үр дүнтэй адил байгаа юм.

Энэхүү цооног өрөмдлөгийн ажлыг “Major Drilling” компани өндөр хүчин чадалтай, дэвшилтэт техник бүхий “Schramm TXD200” төхөөрөмжөөр мэргэжлийн түвшинд гүйцэтгэжээ. Ингэснээр Монгол Улсад уг төхөөрөмжийг ашигласан анхны тохиолдол болсон нь онцлог. Өрөмдлөг дууссаны дараагаар тоног төхөөрөмжийг буулгаж, Улаанбаатар хот дахь “Major Drilling” компанийн бааз руу буцааж тээвэрлэх аж.

LF-07 цооногийн өрөмдлөгөөр сүүлийн 12 сарын идэвхтэй өрөмдлөгийн ажил дуусгавар болж байгаа талаар тус компани мэдэгдэв. Дээрх хугацаанд нэмэлтээр дөрвөн туршилт олборлолтын цооногийг амжилттай өрөмдөж, дуусжээ. Үр дүнд нь төслийн үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, компанийн хувьд чухал ахиц дэвшил болжээ. 

Ойрын хугацаанд LF-07 цооногт шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулж, эцсийн тохируулгын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

“Тэлмэн Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дугал Фергюсон дараах байр суурийг илэрхийлэв. Тэрээр, “Манай Туршилтын төслийн дараагийн нэг ажил амжилттай өндөрлөж буйг дуулгахад таатай байна. Сүүлд өрөмдсөн цооног нь төлөвлөсөн гүн болон зузаантай нүүрсний дээд давхаргыг огтолсон. Одоо дараагийн шатанд газрын доорх шахуурга болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулж, ойрын хэдэн долоо хоногт ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үүний дараа цооногоос олборлолт эхлүүлэх боломжтой" гэсэн юм. 

Мөн яриандаа "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай баг болон хамтран ажиллаж буй гүйцэтгэгч компаниуд дөрвөн туршилтын цооногийг аюулгүй, цаг хугацаанд нь, төлөвлөсөн төсөвтөө багтаан өрөмдөж дуусгасан нь бахархууштай хэрэг. Бид хувьцаа эзэмшигчидтэйгээ хамтран энэ төсөлд оруулсан хөрөнгө санхүү, хөдөлмөр, хүчин чармайлтын үр дүнд асар их хийн нөөцийг ашиглалтад оруулахад тун ойртоод байна” гэлээ.