"MCS Property" ХХК-ийн Ахлах механик Э.Тэмүүжинтэй ярилцаж, ажлын байрны онцлогийн талаар тодрууллаа.
1. Гүний уурхайн онцлог ажлын орчин таны сэтгэлзүй, ажлын бүтээмжид ямар нөлөө үзүүлдэг вэ?
Би Оюу толгойн гүний уурхайн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөлд ажиллаж буй “MCS Property” ХХК-д дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Ажлын анхны жилүүдэд хязгаарлагдмал орчинд бага зэрэг давчдах мэдрэмж төрдөг байсан ч цаг хугацааны явцад орчиндоо дасан зохицож, тайван ажиллах чадвартай болсон. Ялангуяа ар гэрийн байдал тогтвортой үед ажлын бүтээмж илүү өндөр байдаг. Манай ажлын байр нь хүний тав тухтай ажиллах нөхцөлийг сайн хангасан тул орчинтой холбоотой хүндрэл, стресс харьцангуй бага гардаг.
2. Ажиллах явцад сэтгэлзүйн дарамт, ганцаардал, стресс бухимдал зэрэг сөрөг мэдрэмжүүдийг мэдэрч байсан тохиолдлууд бий юу? Тэр үеийг хэрхэн даван туулсан бэ?
Би их тайван хүн. Стресс мэдэрсэн үедээ гүнзгий амьсгаа авч, хамт олонтойгоо зөвхөн ажлын талаар бус амьдрал, хөгжилтэй явдлын тухай ярилцаж, ярьж хөөрдөг. Ингэснээр сэтгэл санаагаа тайвшруулж, сөрөг мэдрэмжээ гадагшлуулахад тусалдаг.
3. Гүний уурхайд ажиллах хугацаанд таны сэтгэл санааг хамгийн ихээр сэргээж, урам өгсөн мөч юу байсан бэ?
Маш олон урамшмаар мөчүүд байсан. Тухайлбал, “Налуу ам ” төслийн дүүжин конвейерийн тохиргооны ажлыг гүйцэтгэж байлаа.“Налуу ам” төслийн бүх үйл ажиллагаа жигдэрч, амжилттай хэрэгжиж байгааг, тэр дундаа миний хийсэн тохиргоо амжилттай хэрэгжиж, конвейер жигд ажиллаж байгааг харах нь маш их урам зориг өгдөг.
4. Оюу толгой нь Рио Тинтогийн олон улсын аюулгүй ажиллагааны стандартуудыг Монголд бүрэн нэвтрүүлсэн цөөн компанийн нэг билээ. Танай ажлын байранд аюулгүй ажиллагааны ямар зарчим, дүрэм журам хэрэгжиж байна вэ?
Бид Рио Тинтогийн “Амь хамгаалах 7 дүрэм”-ийг өдөр тутмын ажилдаа чанд мөрддөг. Манай “MCS Property” ХХК-ийн баг аюулгүй ажиллагааны өндөр соёлтой, хариуцлагатай хамт олон. Аливаа өндөр хэмийн ажил хийхдээ заавал хамгаалах хэрэгсэл ашиглах ёстой бөгөөд хэрэв хэн нэгэн зөрчвөл хамт олон нь шууд сануулж, хариуцлагаа ухамсарладаг. Ийм хандлагын ачаар бид гэр бүлдээ эсэн мэнд харих, урт хугацаанд эрүүл, тогтвортой ажиллах боломжтой болдог.
6. Ажилтнуудын сэтгэлзүйг дэмжих, стрессийг бууруулах, багийн уур амьсгалыг сайжруулах зорилготой ямар нэг сургалт, зөвлөгөө, хөтөлбөрт хамрагдаж байсан уу? Хэрвээ тийм бол тэдгээр нь таны хувьд хэр үр дүнтэй байсан бэ?
Би “Хамтран ажиллагсдыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж, амжилттай төгссөн. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид хамт ажиллагсдынхаа сэтгэлзүйн асуудлыг сонсох, дэмжих ур чадвар эзэмшдэг. Одоо би өөрөө бусдыг "сонсогч"-ийн үүрэг гүйцэтгэж, тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг. Энэхүү хөтөлбөр нь ажилтнуудын хоорондын итгэлийг нэмэгдүүлж, стрессээ хуваалцах эерэг орчныг бүрдүүлэхэд үнэхээр үр дүнтэй байдаг.
7. Ирээдүйд гүний уурхайн ажилчдад үзүүлдэг сэтгэл зүйн дэмжлэгийн чанарыг сайжруулахын тулд ямар нэмэлт туслалцаа, хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та бодож байна вэ?
“Оюу толгой” компанийн хамт олон ажилтнуудаа сайн дэмждэг, сэтгэл санааны асуудалтай үед амрах боломж олгодог. Гэхдээ тодорхой асуудалтай хэрнээ ярилцах дургүй, дотогшоо хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн хувьд ганцаараа байх үед нь санаачлагаараа очиж ярилцах “Хамтран ажиллагсдаа дэмжигч”-ийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэж боддог.
Ярилцсан: О. Дөлгөөн