Т.Бямбанаран
Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний агентлаг болох “Fitch Ratings” нь нүүрсний үйлдвэрлэгч “Mongolian Mining Corporation” (MMC)-ийн урт хугацааны гадаад валютын зээлжих зэрэглэлийн үнэлгээг ‘B+’ түвшинд хадгалж, төлөвийг “Тогтвортой” гэж тогтоолоо.
Мөн тус агентлаг MMC-ийн 2030 онд хугацаа нь дуусах үнэт цаасны үнэлгээг ‘B+’ түвшинд хадгалж, сэргээх үнэлгээг ‘RR4’ гэж тогтоосон байна.
Уг үнэт цаасыг MMC болон түүний охин компани болох “Energy Resources” ХХК хамтран, хамтын болон тус тусын үүргийн зарчмаар гаргасан байна.
MMC-ийн зээлжих зэрэглэлийн үнэлгээнд дараах хүчин зүйлс нөлөөлжээ. Тодруулбал, тус компанийн борлуулалт нь цөөн тооны эцсийн худалдан авагчаас өндөр хамааралтай ба бизнесийн цар хүрээ нь харьцангуй хязгаарлагдмал. Үүнээс гадна Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой эрсдэл зэргээс хамаарч буй юм.
2025 онд нүүрсний үнэ буурснаас шалтгаалан MMC-ийн ашигт ажиллагаа мэдэгдэхүйц доройтох төлөвтэй хэмээн “Fitch Ratings” агентлаг үзжээ. Гэсэн хэдий ч компанийн үнэлгээг тогтвортой хадгалах нөөц боломж хангалттай бий гэдгийг мөн мэдэгдсэн аж.
Эх сурвалж: fitchratings.com