Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Exxon 2050 он хүртэл байгалийн хийн эрэлт өснө гэж үзэж байна

Ч.Сансар

2050 он гэхэд дэлхийн байгалийн хийн эрэлт хэрэгцээ өнгөрсөн оныхоос 20 гаруй хувиар өснө. Энэ нь эрчим хүчний салбарт нүүрсний хэрэглээ буурч, хөгжиж буй орнуудад цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой гэж Exxon Mobil Пүрэв гарагт жилийн тайландаа дурджээ.

Exxon компани ойрын таван жилд үйлдвэрлэлээ 18%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. Газрын тосны эрэлтийн өсөлт 2030 оноос хойш зогсоно, гэхдээ 2050 он хүртэл өдөрт 100 сая баррелиас дээш байх болно. Мөн газрын тос, байгалийн хийн хэрэглээ дэлхийн эрчим хүчний салбарын 55 орчим хувийг бүрдүүлнэ гэж Exxon тайландаа бичсэн байна.

Exxon компанийн эдийн засаг, эрчим хүч, стратеги төлөвлөлтийн захирал Крис Бердсалл хэвлэлийн бага хурал дээр, аж үйлдвэрийн салбар нь нүүрсийг орлох байгалийн хийн эрэлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэжээ.

Түүхий нефтийн эрэлт тогтвортой байх төлөвтэй байгаа ч цахилгаан автомашины тоо нэмэгдэх хэрээр бензиний эрэлт урт хугацаанд 25%-иар буурна гэж Exxon таамаглаж байна. Гэхдээ онгоц, хүнд даацын ачааны тэрэг ихээр хэрэглэдэг дизель түлш болон онгоцны түлшний эрэлт илүү тогтвортой байх болно.

Дэлхийн температурын өсөлтийг хязгаарлаж, НҮБ-ын 2050 он хүртэл нүүрсхүчлийн ялгаруулалтыг бууруулах зорилтод хүрэхийн тулд илүү их ажил хийх шаардлагатай байна гэж Exxon мэдэгдэв.

2050 онд дэлхийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал 27 тэрбум тонн болж, өнөөдрийн түвшингээс 25 орчим хувиар буурна. Гэхдээ энэ хэмжээ нь НҮБ-ын тогтоосон түвшнээс хоёр дахин их хэвээр байна гэж тус компани тайландаа бичжээ.

Эх сурвалж: reuters.com