Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монгол Улсын нийт экспортын 55.1 хувийг нүүрс дангаараа эзэлж байна

Т.Бямбанаран

Монгол Улсын гадаад худалдааг харвал экспортын бүтцэд эрдэс баялаг, импортын бүтцэд түлш, автомашин, тоног төхөөрөмж давамгайлж байна.

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улсын нийт экспортын 55.1 хувийг нүүрс дангаараа эзэлж байна. Үүний дараа зэсийн баяжмал 21.0%, алт 5.7%, төмрийн хүдэр 3.8%-ийг бүрдүүлж байгаа юм. Харин угаасан ноолуур, жонш, түүхий нефть зэрэг нь бага хувийг эзэлж байна. 

Экспортын бүс нутгийн чиглэлийг авч үзвэл Ази тивийн орнууд манай улсын нийт экспортын 92 хувийг эзэлж, гол худалдааны түнш хэвээр байна. Харин Европын тив 6.1%, Америк 1.1%-тай байгаа нь Монголын бараа бүтээгдэхүүний зах зээл тун хязгаарлагдмал байгааг илтгэнэ.

Импортын барааны бүтцийн тухайд нефтийн бүтээгдэхүүн 18.6%-тайгаар хамгийн их жин дарж байгаа бол суудлын автомашин 9.2%, ачааны машин 6.2%, хүнд даацын тээврийн хэрэгсэл 2.7% байгаа аж. Ази тив мөн адил 59.1%-иар тэргүүлж, манай улсад бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч гол бүс нутаг хэвээр байна. Европ тив 34.5%-ийг эзэлж байгаагаас үзвэл автомашин, тоног төхөөрөмжийн импорт Европоос их хэмжээгээр орж ирж байна. Эдгээр тоон мэдээллээс харахад Монголын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос, ялангуяа нүүрснээс үлэмж хамааралтай байна. 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар