Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж буй “MiningWeek & MinePro 2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба хариуцлагатай уул уурхай” сэдвийн хүрээнд болох тус арга хэмжээ энэ сарын 11-13-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд зохион байгуулагдана.
Энэ удаагийн арга хэмжээ нь УИХ болон Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайд нар, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, худалдааны танхимууд, гадаад дотоодын зочид, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж буйгаараа онцлог. Түүнчлэн олон улсын нэр хүндтэй байгууллагууд оролцох бөгөөд Тогтвортой Хариуцлагатай Уул уурхайн (TSM) стандартыг боловсруулсан Канадын Уул уурхайн ассоциаци, мөн Монголын Уул уурхайн үндэсний ассоциацитай хөрөнгө оруулалт, экспортын чиглэлээр хамтран ажилладаг БНХАУ-ын Уул уурхайн ассоциаци өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор төлөвлөжээ.
Арга хэмжээний хүрээнд хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин, олон улсын чиг хандлага, геологийн судалгаа, хайгуул, газрын тос болон шинэ эрчим хүчний салбарын хөгжлийн асуудлууд, дэвшилтэт техник технологи зэрэг сэдвийг хөндөн хэлэлцэх бөгөөд оролцогч талууд үйлдвэржилтийн гинжин хэлхээг хэрхэн тогтвортой байлгах талаар санал солилцоно.
“MinePro 2025” үзэсгэлэнд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй ханган нийлүүлэгчид, томоохон төслүүд, олон улсын хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагууд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч болон технологийн компаниуд оролцох бөгөөд энэ нь бизнесийн шинэ хамтын ажиллагаа эхлүүлэх, мэдээлэл солилцох томоохон талбар болох юм.
Арга хэмжээний онцлох хэсгүүдийн нэг нь уул уурхайн салбарын Хөдөлмөрийн яармаг бөгөөд компаниуд нээлттэй ажлын байр танилцуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгч, иргэдтэй уулзалт, ярилцлага хийх юм.
Мөн гурав дахь өдөр нь залуучуудад зориулсан “Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдаж, салбарын шинэ технологи, мэргэжлийн чиг хандлага, карьерын боломжуудын талаар мэдээлэл өгнө. Үүний зэрэгцээ “Уурхайчдын наадам” уламжлал ёсоор зохиогдох юм.