Ч.Сансар
Украин улс АНУ-тай хийсэн ашигт малтмалын тохиролцооны хүрээнд Кировоград мужид литийн томоохон ордыг ашиглуулах тендер зохион байгуулж байна.
Украины Геологийн албаны мэдээлснээр тус улсын чухал ашигт малтмал дэлхийн нийт ашигт малтмалын 5 орчим хувийг эзэлдэг. Украины хамгийн түгээмэл ашигт малтмал болох литий нь Европын литийн нөөцийн гуравны нэг орчим хувийг бүрдүүлдэг юм байна.
Литий нь батарейны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Австрали, Өмнөд Америк зэрэг бүс нутагт олборлодог. Харин Хятад улс литий боловсруулах салбарт ноёрхдог. Барууны орнууд, тэр дундаа АНУ чухал ашигт малтмалын хувьд Бээжингээс хараат байдлаа багасгах бодлого баримталж байна.
Украины зарласан "Dobra" тендер нь 4-р сарын сүүлээр Киев, Вашингтоны хооронд байгуулсан ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээний хүрээнд хийж буй эхний алхам юм. Украины газар нутагт хэрэгжих уул уурхайн төсөлд АНУ-ын компаниудад давуу эрх олгож, олсон ашгаа орон нутагт дахин хөрөнгө оруулна гэж талууд тохиролцжээ.
179 сая долларын хөрөнгө оруулалт
"Dobra" орд нь стратегийн ач холбогдол бүхий литийн ихээхэн нөөцтэй гэж Украины засгийн газар мэдэгдэв.
Тендерийн ялагч нь 50 жилийн гэрээ байгуулж, дор хаяж 179 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ. Энэ хөрөнгө оруулалтаар геологи хайгуул, олборлолт, баяжуулалтыг санхүүжүүлнэ гэж Украйны эдийн засгийн яам өөрийн цахим хуудсаараа мэдээллээ.
Эх сурвалж: mining.com