Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Монголбанк наймдугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа

Т.Бямбанаран

Монголбанк 2025 оны наймдугаар сард нийт 690.1 килограмм үнэт металл худалдан авсан талаар мэдээлэв. Ингэснээр оны эхнээс өссөн дүнгээр нийт 7.7 тонн үнэт металл Монголбанкны нөөцөд төвлөрөөд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.1 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм.

Худалдан авалтын хэмжээ буурчээ

Сар сараар авч үзвэл өнгөрсөн жилийн наймдугаар сард 931.9 кг үнэт металл худалдан авч байсантай харьцуулбал энэ оны мөн үед худалдан авалт буурчээ. Мөн 2024 оны туршид худалдан авалт 850–2023 килограммын хооронд хэлбэлзэж байсан бол 2025 онд харьцангуй бага хэмжээнд буюу зарим сард 300 кг-аас доош орсон нь графикаас харагдаж байна.

Монголбанкны орон нутгийн хэлтсүүдийн хувьд Баянхонгор аймаг 2025 оны эхнээс нийт 1,138.7 кг үнэт металл худалдан авчээ. Харин Дархан-Уул аймаг дахь хэлтэс 494.0 кг-ын худалдан авалт хийсэн аж. Нийт дүнгээр нь харахад өмнөх онуудаас харьцангуй доогуур үзүүлэлт болжээ.

Олон жилийн чиг хандлага

2020 онд Монголбанк нийт 23.5 тонн үнэт металл худалдан авч байсан. Харин энэ хэмжээ 2024 онд 16.4 тонн болж багассан аж. 2025 оны эхний найман сарын дүнгээр ердөө 7.7 тонн хүрч байгаа нь сүүлийн таван жилийн доод түвшинд тооцогдож байна. 

Монголбанк үнэт металлыг дэлхийн зах зээлийн ханштай уялдуулан худалдан авдаг. Тодруулбал, 2025 оны наймдугаар сарын байдлаар алт худалдан авах дундаж үнэ 387,259.12 төгрөгт хүрсэн нь өмнөх онуудыг бодвол өссөн байгааг уг график харуулж буй.

Эх сурвалж: Монголбанк