Ч.Сансар
ОХУ-ын "Газпром" компани “Сибирийн хүч” хоолойгоор дамжуулан БНХАУ-д нийлүүлдэг байгалийн хийн хэмжээгээ бага зэрэг нэмэгдүүлэхээр тохиролцож, "Сибирийн хүч 2" төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Гэхдээ Хятад улс Европын зах зээлийн үнээс хямд үнээр байгалийн хий авна гэж төрийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээллээ.
Ройтерс агентлаг өнгөрсөн сард Хятад улс одоо байгаа хоолойгоор дамжуулан Оросын байгалийн хийн худалдан авалтыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа гэж мэдээлж байсан.
"Газпром" компани одоогийн "Сибирийн хүч" хоолойгоор байгалийн хийн экспортыг жилд 38 тэрбум шоо метрээс 44 тэрбум шоо метр хүртэл нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн гэж тус компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер Оросын мэдээллийн агентлагуудад мягмар гарагт мэдээлжээ.
Түүнчлэн Орос, Хятад улсууд Ямал дахь ордоос жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай "Сибирийн хүч 2" хоолойг Монгол улсаар дамжуулж барихаар тохиролцсон гэж Миллер хэлсэн байна.
“Өнөөдөр бид “Сибирийн хүч 2” хийн хоолой, “Союз Восток” транзит хийн хоолойг Монголоор дайруулан барих тухай санамж бичигт гарын үсэг зурлаа” гэж Миллер хэлснийг Оросын мэдээллийн агентлагууд мэдээлжээ.
Миллер хэлэхдээ, Хятадад нийлүүлэх хийн үнэ ханш нь Европт борлуулдаг үнээс доогуур гэжээ. Мөн тэрээр "Сибирийн хүч 2" нь дэлхийн хамгийн том, хамгийн их хөрөнгө шаардсан байгалийн хийн төсөл болно гэж нэмж хэлэв. Харин хийн хоолойг хэн барих, хэр их хөрөнгө оруулах талаар тодорхойгүй байгаа юм байна.
"Сибирийн хүч-2"-оор дамжуулах хийн үнийг тусдаа хэлэлцэнэ гэж Миллер мэдэгдлээ. Энэхүү мэдэгдлийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар Бээжинд уулзсаны дараа Миллер хийжээ.
Хятадын Синьхуа агентлаг хоёр орны төрийн тэргүүн нар эрчим хүч болон бусад салбаруудад хамтран ажиллах 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан гэж мэдээллээ.
Одоо БНХАУ бол Оросын хамгийн том худалдааны түнш болсон. Тус улс Оросын түүхий нефть, байгалийн хийн хамгийн том худалдан авагч, Оросын нүүрсний хоёр дахь том худалдан авагч, Оросын шингэрүүлсэн хийн гурав дахь том худалдан авагч гэж Кремль мэдээлэв.
"Газпром" 2019 оны сүүлээр ашиглалтад оруулсан "Сибирийн хүч" хэмээх 3000 км урт хоолойгоор дамжуулан Хятад руу байгалийн хий нийлүүлдэг.
2024 онд ОХУ 31 тэрбум шоо метр экспортолсон. Энэ онд нийлүүлэлт 38 тэрбум шоо метр хүрэх төлөвтэй байна.
2022 оны 2-р сард Хятад улс мөн Оросын Алс Дорнод дахь Сахалин арлаас хоолойгоор дамжуулан 2026-2027 он гэхэд жил бүр 10 тэрбум шоо метр хүртэл хий худалдаж авахаар тохиролцсон.
Гэвч 2018-2019 онд Европт нийлүүлж байсан 177 тэрбум шоо метр хийтэй харьцуулахад Хятад руу экспортолж буй байгалийн хийн хэмжээ маш бага хэвээр байна.
Эх сурвалж: reuters.com