О. Дөлгөөн
2025 оны 8 сард Science Advances сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд АНУ-д нефть, байгалийн хийн шаталтаас үүссэн агаарын бохирдлоос болж жил бүр 91,000 орчим хүн нас барж, хэдэн зуун мянган хүн эрүүл мэндийн хүнд асуудалтай тулгарч байгааг тогтоожээ. Үүний нөлөө нь ялангуяа ядуу, цөөнхийн бүлгийн иргэд, тэр дундаа өнгөт арьстнууд дунд илүү хүчтэй илэрч байна.
Судалгаагаар,
Жил бүр 10,000 гаруй дутуу төрөлт
216,000 хүүхдийн багтраа (астма)
1,610 насан туршийн хорт хавдрын тохиолдол
Хамгийн их эрсдэлтэй мужууд нь Калифорни, Техас, Нью-Йорк, Пенсильвани болон Нью Жерси аж.
Судалгааны баг нефть, байгалийн хийн үйлдвэрлэлийн бүх шатлал (хайгуул, олборлолт, тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалт)-ыг хамарсан төдийгүй бохирдлоос үүдэлтэй нийгмийн болон эрүүл мэндийн ялгааг тогтоожээ.
Сонирхолтой нь, нийт эрүүл мэндийн хохирлын 96 хувь нь нефть, байгалийн хийн шаталтын эцсийн шатнаас үүсч байгааг онцолжээ. Харин газрын тосны салбарын эхний шат буюу олборлолт, хадгалалт зэргээс гарах бохирдол нь үндэсний цөөнхийн бүлгүүд болох индиан, испани гаралтай иргэдэд илүү нөлөөлж байхад, боловсруулалт, тээвэр, хэрэглээний шатны бохирдол нь өнгөт арьст, ази гаралтай хүн амд илүү хохиролтой байгааг тогтоосон байна.
АНУ-ын агаарын бохирдлын нөлөө хөрш орнууд руу ч нэвтэрч байгааг судалгаанд дурдсан бөгөөд жил бүр Канадын өмнөд хэсэгт 1,170 хүн, Мексикийн хойд нутагт 440 хүн нас барж байна.
Гэвч энэ бүхний зэрэгцээ АНУ-ын засгийн газар Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA)-ийн хяналтын стандартыг сулруулж, шинээр олборлолт, өрөмдлөгийн төслүүдийг хурдан явуулах бодлого барьж байгаа нь байгаль орчны байгууллагуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна.
Эх сурвалж: oilprice.com