Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Вьетнам бага оврын цөмийн реактор ашиглахад бэлэн

Ч. Сансар

Вьетнам нь Зүүн Өмнөд Азийн аж үйлдвэрлэлийн зангилаа төв бөгөөд дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгаа дэмжихийн тулд эрчим хүчний салбараа хөгжүүлэхийг эрмэлзэж байна.

Интернетэд олон нийтэд нээлттэй байгаа уг баримт бичигт Улс төрийн товчоо "жижиг реактор бүхий цөмийн эрчим хүчний салбараа хөгжүүлэх уян хатан төлөвлөгөө"-г хурдан боловсруулж, хэрэгжүүлэхийг шаардаж, хувийн компаниудыг атомын цахилгаан станц барих ажилд оролцохыг уриалсан байна.

Вьетнам анх удаагаа жижиг оврын реактор ашиглахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлж байна.

Жижиг реакторуудыг АНУ, ОХУ, Өмнөд Солонгос зэрэг хэд хэдэн улс үйлдвэрлэдэг. Өнгөрсөн тавдугаар сард Вьетнамын эрчим хүчний “Petrovietnam ” компани АНУ-ын “Westinghouse Electric” компанитай цөмийн эрчим хүчний технологийн мэдээлэл солилцох гэрээнд гарын үсэг зурсан.

Вьетнам улс 2030 он гэхэд нийт суурилагдсан эрчим хүчнийхээ хүчин чадлыг 183-236 ГВт хүртэл нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа дөрөвдүгээр сард мэдэгдсэн. Энэхүү зорилтод хүрэхийн тулд тус улс 2030 он гэхэд 136.3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Энэ нь Вьетнамын 2024 оны дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгээс илүүтэй тэнцэх хөрөнгө юм.

Улс төрийн товчооны баримт бичигт эрчим хүчний хэд хэдэн төслийн хэрэгжилт удаашралтай байгаа, мөн тус салбарын хууль эрх зүйн орчин сул хэвээр байна гэж бичжээ. "Дотоодын эрчим хүчний хангамж нь импортоос хамааралтай хэвээр байгаа нь эрчим хүчний хомсдолд орох, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл үүсгэж байна" гэж тус баримт бичигт онцолжээ.

Вьетнам улс 2025 онд эдийн засгийн өсөлтийг 8.3%-8.5%, 2030 он хүртэл жилд хоёр оронтой тоонд хүргэх зорилт тавьж байна.

Энэ оны эхээр Вьетнам улс арав орчим жилийн өмнө зогсоосон атомын цахилгаан станцуудын бүтээн байгуулалтыг сэргээхээр шийджээ. Нийт 6.4 ГВт хүртэл хүчин чадал бүхий цөмийн станцуудаа 2035 он гэхэд ашиглалтад оруулахыг төлөвлөж байна.

АНУ, Орос, Хятад, Их Британи, Канад зэрэг хэд хэдэн улс цөмийн жижиг реакторуудыг ажиллуулдаг. Вьетнамын засгийн газар анхны цөмийн станцаа байгуулахад Орос, Японы компаниудтай ажиллана гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан.

Эх сурвалж: reuters.com