Ч.Сансар
Дэлхийн улс орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэх зорилтыг биелүүлэхийн тулд цөмийн эрчим хүч ашиглах нь нэмэгдсэнээр ураны эрэлт ойрын таван жилд бараг 30%-иар өсөх төлөвтэй байна гэж Дэлхийн цөмийн нийгэмлэг (WNA) 9-р сарын 5-нд гаргасан тайландаа бичжээ.
Тиймээс өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд ойрын жилүүдэд ураны шинэ уурхай нээх шаардлага гарна гэж WNA-ийн Цөмийн түлшний тайланд тэмдэглэсэн байна.
Геополитикийн хүчин зүйлээс шалтгаалж эрчим хүчний аюулгүй байдлын асуудлууд ч цөмийн эрчим хүч ашиглах сонирхлыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн.
Цөмийн станцуудын ураны хэрэгцээ 2030 он гэхэд 28%-иар, 2040 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, жилд 150,000 гаруй тоннд хүрэх төлөвтэй байна. Харьцуулахад, 2024 онд ураны хэрэгцээ 67 мянга орчим тонн байжээ.
Ураны нийлүүлэлт богино хугацаанд хангалттай байгаа ч 2030 оноос хойш хомсдол үүсэж болзошгүй. Ураны орд анх илэрснээс хойш 10-20 жилийн дараа олборлолт эхэлдэг гэж тайланд дурджээ.
2025 оны 6-р сарын сүүлчээр дэлхийн бүх цөмийн станцуудын хүчин чадал нийлээд 398 ГВт байсан бөгөөд 71 ГВт хүчин чадалтай нэмэлт цөмийн станцууд баригдаж байгаа аж.
Дэлхийн цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл 2030 он гэхэд 13%-иар, 2040 он гэхэд 87%-иар тус тус нэмэгдэж, 746 ГВт-д хүрэх төлөвтэй байна.
Хямд үнэтэй жижиг модульчлагдсан реакторуудыг барьж байгаа нь цөмийн эрчим хүчний салбарын хөгжилд нөлөөлж байна гэж тайланд дурджээ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны олборлолт сэргэж, 2022-2024 оны хооронд 22%-иар өсөж, 60,213 тонн хүрчээ. Ураны үйлдвэрлэл цаашид ч өсөх бөгөөд богино хугацаанд цөмийн реакторуудад уран нийлүүлэх хангалттай нөөц байгаа.
Харин 2030 оноос хойших 10 жилийн хугацаанд одоогийн уурхайнуудын олборлолт хоёр дахин буурах төлөвтэй байгаа тул хуучин уурхайнуудаа сэргээж, шинэ уурхай барьж ажиллуулах шаардлага тулгарна.
Орос-Украины дайнаас хойш бүс нутгийн зах зээлд нийлүүлэлт тасарч, уран баяжуулах шинэ байгууламжуудын хэрэгцээ нэмэгдсэн гэж тайланд дурджээ.
Эх сурвалж: reuters.com