Т.Бямбанаран
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран зохион байгуулж буй “MiningWeek & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна. “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор 9 дүгээр сарын 11-13-ны өдөр Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд гурван өдрийн турш үргэлжилнэ.
Энэ удаагийн арга хэмжээ нь УИХ болон Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайд нар, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, худалдааны танхимууд, гадаад дотоодын зочид, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж буйгаараа онцлог. Түүнчлэн олон улсын нэр хүндтэй байгууллагууд оролцох бөгөөд Тогтвортой Хариуцлагатай Уул уурхайн (TSM) стандартыг боловсруулсан Канадын Уул уурхайн ассоциаци, мөн Монголын Уул уурхайн үндэсний ассоциацитай хөрөнгө оруулалт, экспортын чиглэлээр хамтран ажилладаг БНХАУ-ын Уул уурхайн ассоциаци өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож буй юм.
“MiningWeek & MinePro 2025” чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэллээ. Тэрээр, “Энэ удаагийн арга хэмжээний хүрээнд уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид нэгэн дээвэр дор чуулаад зогсохгүй Монгол Улс ба олон улсын түнш, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааны шинэ боломжийг бий болгох чухал индэр болоод байна.
Монгол Улсын эдийн засгийн 30 гаруй хувь, экспортын 95% нь дан ганц уул уурхайгаас хамааралтай. Үүнийгээ дагаад валютын ханш, инфляц, валютын нөөц, худалдааны тэнцэл, хөрөнгө оруулалт бүгд уул уурхайд түшиглэж буй. Энэхүү салбарын хөгжил манай улсын өнөөгийн эдийн засгийн гол ачааг нуруун дээрээ үүрч явааг та бид мэднэ.
Монгол Улс нийт газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 17-т, нэг хүнд ногдох газар нутгаар нэгдүгээрт бичигддэг бөгөөд байгалийн баялгийн хэмжээгээр тэргүүлэх 10 орны нэг. Бид ашигт малтмалыг зөвхөн олборлох бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, инновацыг нэвтрүүлснээр аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үетэй нийцэж, дэлхийд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай. Өнөө үед уул уурхайн салбарыг байгаль орчин, нийгмийн хариуцлага, дижитал шилжилтээс салгаж ойлгох боломжгүй.
Тиймээс Засгийн газрын зүгээс ногоон хөгжил, цахим шилжилт, тогтвортой хариуцлагатай уул уурхайд чиглэсэн бодлогыг зөв хослуулж, ил тод, хариуцлагатай байдлыг эрхэмлэж, бүсчилсэн хөгжил, орон нутгийн иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьсан харилцан үр ашигтай уул уурхайн салбарыг хөгжүүлэх зорилт тавьсан.
Түүнчлэн цахим шилжилтийн бодлогын хүрээнд уул уурхайн салбарт их өгөгдөл, хиймэл оюун ухааныг хослуулж, үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг эрс нэмэгдүүлэх, геологи, хайгуул, олборлолтод ухаалаг шийдлийг хурдтай нэвтрүүлэхийг зорьж байна.
Бид ирээдүй хойч үеийнхээ тогтвортой хөгжлийг ч мөн адил хангах нь зүйтэй. Тиймээс Үндэсний баялгийн сангийн тогтолцоог сайжруулж, хүний хөгжлийг дэмжих чиглэлд үр ашигтай зарцуулж, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах асуудал бол манай Засгийн газрын томоохон төсөл байх болно” хэмээн хэлсэн юм.
Арга хэмжээний хүрээнд үйлдвэржилт, хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин, олон улсын чиг хандлага, геологийн судалгаа, хайгуул, газрын тос болон шинэ эрчим хүчний салбарын хөгжлийн асуудлууд, дэвшилтэт техник технологи зэрэг өргөн хүрээтэй сэдвийг хөндөн хэлэлцэх бөгөөд оролцогч талууд үйлдвэржилтийн гинжин хэлхээг хэрхэн тогтвортой байлгах талаар санал солилцоно.
Уг арга хэмжээний “Платинум” спонсороор “Эрдэнэс Монгол” ХХК, “Оюу толгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, Эрдэнэ Монгол ХХК болон “Монголын Алт” (МАК) ХХК ажиллаж байна. Харин “Диамонд” спонсороор "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, МЕРА Групп, Бадрах Энержи ХХК, “Степ Голд” ХХК, “Бороо Гоулд” ХХК, Моннис Групп, МАКС Групп болон Юнитра ХХК оролцож байна. Мөн Mongolia Energy Company Limited (MEC), Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп ХХК (МНРИК), "Иннова Минерал" ХХК, “Трансвест Монголиа” ХХК, Хуавей Техноложи ХХК, "Мянган Бээрийн Баялаг" ХХК, “Гранд Майнинг Экюпмент” ХХК чуулга уулзалтын “Алтан” спонсороор нэгджээ.