О.Дөлгөөн
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал нь өнөө цагийн хамгийн том сорилтын нэг болоод байна. Олон улсын судалгаагаар дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ойролцоогоор 9–10%-ийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг гэж үздэг. Түлш, шатахуун ихээр хэрэглэдэг, эрчим хүчний өндөр хэрэглээтэй энэ салбар нүүрстөрөгчийг эрс бууруулах шаардлагатай.
Эдийн засгийн өсөлт, уул уурхай дахь бүтээн байгуулалт нь байгаль орчин, экосистемд сөрөг нөлөө үзүүлдэг тул энэхүү нөлөөллийг бууруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Уул уурхайн томоохон компаниуд “ногоон шилжилт”-ийн хүрээнд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах дэвшилтэт технологи, инновацийг сүүлийн жилүүдэд идэвхтэй нэвтрүүлж эхэлсэн. Монголын томоохон төслүүд ч энэ чиг хандлагад нийцэж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, тогтвортой хөгжлийг хангах алхмуудыг авч хэрэгжүүлж байна.
2024 онд дэлхий дахинд нүүрстөрөгчийн ялгаруулалт түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрч, 37.4 тэрбум тонн CO2 агаар мандалд цацагджээ. Энэ тоо зүгээр нэг статистик биш, харин цаг агаарын эрс тэс хэлбэлзэл, усны хомсдол, экосистемийн доройтлын анхааруулах дохио юм.
Монголд ч мөн адил. Эдийн засгийн бүтцийн 90%-ийг бүрдүүлдэг уул уурхайн компаниуд өнөөдөр зөвхөн олборлолт, экспортыг нэмэгдүүлэх бус, байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг хэрхэн бууруулж буй талаараа үнэлэгдэн дүгнэгдэх болсон.
“Оюу толгой” төдийгүй дэлхийн томоохон уурхайнууд нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх зорилго тавьж, цахилгаанжуулалт, сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгч барих (CCUS) технологи, автоматжуулалт зэрэг бодит шийдлүүдийн хэрэгжилтийг хангахыг зорьж байна. Үүний цаад зорилго нь зөвхөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд бус, хариуцлагатай уул уурхайн тогтвортой хөгжлийг баталгаажуулахад чиглэж байна.
“Илүү их олборлох” гэсэн хуучин зорилт “илүү цэвэр, илүү ухаалаг олборлох” зарчмаар солигдох цаг хэдийнэ иржээ.
Технологи, инноваци, үр дүн
Нүүрстөрөгчийн ялгарлын ихэнхийг дизель түлшээр ажилладаг хүнд даацын тоног төхөөрөмж эзэлдэг. Тиймээс автоматжуулалт, цахилгаанжуулалт бол зөвхөн ирээдүйн чиг хандлага бус, өнөөдөр хамгийн бодитой, үр дүнтэй шийдэл аж. Жишээлбэл, Австралийн BHP компани 2024 онд уул уурхайн тоног төхөөрөмжийн цахилгаанжуулалтад онцгойлон хөрөнгө оруулж, Toyota компанитай хамтран 5000 ширхэг цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр төлөвлөсөн нь салбарын хэмжээнд анхаарал татсан томоохон алхам болсон. Мөн тус компани дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох Эскондидад нүүрстөрөгчийн ялгарлыг мэдэгдэхүйц бууруулах 250 сая ам.долларын өртөгтэй цахилгаан хүнд даацын машины систем хэрэгжүүлэх зөвшөөрөл авч, шинэ үеийн төслийг эхлүүлээд байна.
Нөгөө талаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах нь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чухал түлхэц болж байгаа бөгөөд Рио Тинто компани 2023 онд Австралийн Gove уурхайд 10.5 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар жилд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 17%-иар бууруулах боломж бүрдсэн нь салбарын хувьд анхаарал татсан үр дүн байлаа.
Сүүлийн арван жилд дэлхийн уул уурхайн салбарын хамгийн идэвхтэй судлагдаж буй нүүрстөрөгч барих, ашиглах, хадгалах (Carbon Capture, Utilization and Storage -CCUS) технологи нь зөвхөн ялгарлыг бууруулах бус, агаараас шууд нүүрстөрөгчийг шингээж, хадгалах эсвэл дахин боловсруулах боломжийг бүрдүүлдэгээрээ онцлог. Иймээс олон улсын томоохон уул уурхайн компаниуд энэ чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, туршилт, инновацийг эрчимтэй өрнүүлж байна.
Англо Американ компанийн хувьд 2040 он гэхэд үйл ажиллагаандаа нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэх стратегийн зорилт тавьсан. Энэ зорилгын хүрээнд зөвхөн олборлолтын талбайдаа бус, тээвэрлэлтийн шат дамжлагад ч нүүрстөрөгчийг бууруулах шийдлийг нэвтрүүлж эхэлжээ. Тухайлбал, 2022 оноос эхлэн "Ubuntu" нэртэй LNG (шингэрүүлсэн байгалийн хий) ба уламжлалт түлш хослуулсан хөлөг онгоц ашиглалтад оруулсан бөгөөд 2024 оны эхээр ийм төрлийн нийт 10 тээврийн хөлөгтэй болсон.
Уг шинэ үеийн хөлөг онгоцууд нь Heavy Fuel Oil (HFO) буюу хүнд төрлийн мазут хэрэглэдэг тээврийн хэрэгслүүдтэй харьцуулахад нүүрстөрөгчийн ялгарлыг дунджаар 35%-иар бууруулах боломжтой гэж тооцоолжээ. Үүнээс гадна азот, хүхрийн ислийн нэгдлүүд (NOx, SOx) зэрэг бусад хорт хий болон тоосонцрын ялгарлыг мэдэгдэхүйц хэмжээгээр багасгаж буй нь зөвхөн уур амьсгал төдийгүй далай тэнгисийн хүрээлэн буй орчныг хамгаалахад чухал алхам болсон байна.
Эдгээр жишээнээс харахад, CCUS болон шингэрүүлсэн байгалийн хий суурьтай шийдлүүдийг хослуулан ашиглах нь уул уурхайн компаниудад зөвхөн нүүрстөрөгч бууруулах зорилтод хүрэх төдийгүй олон улсын зах зээлд “ногоон өрсөлдөх чадвар”-аа нэмэгдүүлэх стратегийн чухал алхам болж байна.
Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах нэг том гарц нь зөвхөн тоног төхөөрөмжийн цахилгаанжуулалт бус, тэдгээрийн ашиглалтыг онолын дээд түвшинд оновчтой болгох дижитал технологиуд юм.
Учир нь уурхайн техник, тоног төхөөрөмжүүдийн доголдол, төлөвлөгдөөгүй зогсолт нь зөвхөн эдийн засгийн алдагдал бус, түлшний үргүй зарцуулалт, улмаар нэмэлт ялгарлын гол эх үүсвэр болдог.
Дэлхийн уур амьсгалын сорилт ба бодит хувь нэмэр
“Оюу толгой” компани энэ чиглэлд анхдагчийн үүрэг гүйцэтгэж байна. Тус уурхайн хэрэгжүүлсэн “Smart Copper Production” төсөл нь хиймэл оюун ашиглан тоног төхөөрөмжийн гүйцэтгэл, элэгдэл, доголдлыг урьдчилан таамаглах боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр засвар үйлчилгээний ажлыг урьдчилан төлөвлөж, шаардлагагүй зогсолтыг багасгахын зэрэгцээ түлшний үргүй зарцуулалтыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулсан байна.
Энэхүү системийг ашигласнаар тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дунджаар 15%-иар уртасч, түлшний хэрэглээ ойролцоогоор 8-10%-иар буурсан дүн гарчээ. Энэ нь зөвхөн эдийн засгийн хувьд зардлыг бууруулаад зогсохгүй, хүлэмжийн хийн ялгарлыг бодит хэмжээнд бууруулж буй тод жишээ юм.
Үүнээс гадна, хиймэл оюун дээр суурилсан өгөгдөл шинжилгээний систем нь уурхайн үйл ажиллагааны бүхэл бүтэн логистикийн сүлжээ-тээвэрлэлт, эрчим хүчний хэрэглээ, хүдрийн боловсруулалтын үйл явцыг оновчтой төлөвлөхөд ашиглаж байна. Энэ нь Оюу толгойг зөвхөн Монголдоо бус, бүс нутгийн хэмжээнд “ухаалаг уурхайн загвар” болгоход чухал түлхэц болж байна.
Үүнтэй зэрэгцэн тэд усны дахин ашиглалтыг 80%-иас дээш түвшинд байлгаж, энэ нь дэлхийн дундаж 60%-тай харьцуулахад өндөр үзүүлэлт болсны зэрэгцээ мод тарих, газрын нөхөн сэргээлт зэрэг байгаль орчин, экосистемийг хамгаалах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Уул уурхайн салбар өнөөдөр зөвхөн ашиг орлогоороо бус, байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөрөө хэмжигдэх болсон. Цахилгаанжуулалт, сэргээгдэх эрчим хүчний ашиглалт, нүүрстөрөгчийг барьж хадгалах дэвшилтэт технологи, дижитал инноваци зэрэг шийдлүүдийн уялдаа нь салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж байна. Дэлхийн хэмжээнд хэрэгжиж буй BHP, Rio Tinto, Anglo American зэрэг компанийн туршлага, Монголын Оюу толгойн жишээ нь тогтвортой уурхайн хөгжил зөвхөн боломж биш, бодит амьдрал дээр хэрэгжиж буй замнал гэдгийг харуулж буй юм.
Монгол Улс эрдэс баялгийн салбартаа эдгээр чиг хандлагыг зоригтойгоор нутагшуулж чадвал зөвхөн эдийн засгийн өсөлтөө баталгаажуулаад зогсохгүй, дэлхийн зах зээлд "ногоон уурхайн орон" гэсэн имижийг бий болгож, олон улсын хөрөнгө оруулалтыг татах илүү таатай орчин бүрдэх боломжтой.
Өнөөдрийн авч буй алхам бүр ирээдүйд үлдэх ул мөрийг тодорхойлно. Иймээс нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах технологи бол сонголт бус, зайлшгүй шаардлага юм. Тогтвортой хөгжлийн төлөөх энэхүү замд Монголын уул уурхай хөл нийлүүлэн алхаж чадвал дэлхийн уур амьсгалын сорилтод бодит хувь нэмэр оруулж буй хэрэг.