Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт хэрэгжсэн “Баянхөндий” уурхай, аж үйлдвэрийн цогцолборын төсөл албан ёсоор ашиглалтад орж, анхны бүтээгдэхүүнээ Монголбанкинд хүлээлгэн өглөө.
Канадын хөрөнгө оруулагчдын 20 гаруй жилийн судалгаа, хайгуулын үр дүнд нээгдсэн тус төсөл нийтдээ 500 гаруй тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн байна. Уг цогцолборын гол зорилго нь жил бүр Монголбанкинд тушаагдах алтны хэмжээг 15 хүртэл хувиар нэмэгдүүлэхэд оршиж байна. Жишээлбэл, 2024 онд Монголбанк нийт 16.5 тонн алт хүлээн авсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 7.7 тонн алт тушаагаад байна. Шинэ цогцолбор ашиглалтад орсноор алтны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлж, улсын гадаад валютын нөөцийг өсгөх, төгрөгийн ханшийг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэхээр байна.
Уурхай, боловсруулах үйлдвэр, дэд бүтцээс бүрдсэн бүтээн байгуулалтын ажил 22 сарын турш үргэлжилж, төлөвлөсөн хугацаандаа ийнхүү ашиглалтад орлоо. Төслийн хүрээнд тогтоогдоод буй алтны нөөц 513,700 унц бөгөөд жил бүр ойролцоогоор 85 мянган унц алт олборлох тооцоо гарсан байна.
2024 оны нэгдүгээр сард Mongolian Mining Corporation компани Erdene Resource Development-тэй стратегийн түншлэл эхлүүлж, 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр бүтээн байгуулалтын ажил эрчимжжээ.
Төслийн бүтээн байгуулалтад 1,400 гаруй монгол ажилчин оролцож, уул уурхай, боловсруулах үйлдвэр, эрчим хүч, ус хангамжийн дэд бүтэц бүхий иж бүрэн цогцолборыг барьж байгуулсан байна. Байгаль орчны нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах технологи ашигласан уг үйлдвэр нь ашиглалтын явцдаа 400–500 шинэ ажлын байр бий болгох бөгөөд ажиллах хүчний талаас илүү хувийг аймаг, орон нутгийн залуусаас бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Үйлдвэрлэсэн алтны бүтээгдэхүүн улсын эрдэнэсийн санд тушаагдаж, улсын болон орон нутгийн төсөвт бодитой хувь нэмэр оруулах юм. Төслийн үйл ажиллагаа жигдрэхийн хэрээр олборлолт 2025 оны IV улирлын сүүлчээр бүрэн хүчин чадалдаа хүрэх төлөвтэй байна гэж Mongolian Mining Corporation онцоллоо.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам