А.Халиун
Монгол Улс болон БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийг өнгөрсөн тавдугаар сарын 14-ний өдөр хийсэн. Энэ бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Б.Артураас тодрууллаа.
Хил холболтын төмөр замын төсөл нь зөвхөн дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулаад зогсохгүй Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээг одоогийн 83 сая тонноос 165 сая тоннд хүргэх зорилготой. Энэ төмөр зам буюу Гашуунсухайт-Ганцмодын чиглэлд жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомт төмөр замаар холбогдох ажил эхэлснээр бусад боомтууд болох Шивээхүрэн, Ханги, Бичигтийг төмөр замаар холбох боломж нөхцөл бүрдэнэ гэж танилцуулсан юм.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийг хийснээс хойш ямар ажлууд өрнөж байна вэ?
Бүтээн байгуулалтын ажлын нээлтийг хийснээс хойш барилгын ажлыг гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан. Төслийн авах гүйцэтгэгчийг Төрийн худалдан ажиллагааны газраас олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгаруулсан. Дэлхийд тэргүүлэгч "China Railway Construction Corporation" (CRCC)- ийн охин компани болох Хятадын "Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп" ХХК энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлнэ.
Мөн хоёр улсын хил дамнасан бүтээн байгуулалтын ажил явагдах учир хаалттай бүс байгуулна. Одоо "Бүтээн байгуулалтын хаалттай бүс"-д мөрдөх түр журмыг батлуулах ажил явагдаж байна. Монгол болон Хятадын талаас орох, гарах асуудлыг журамлаж, зохицуулах ажил хүлээгдэж байна гэсэн үг.
Хоёр талын ажлын хэсэг 2025 оны 8-р сарын 20-30-ны хооронд БНХАУ-ын талтай харилцан тохиролцож батлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү журам батлагдсанаар төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, Монгол Улсын хил орчимд бүтээн байгуулалтын ажлыг бүрэн эхлүүлэх боломж бүрдэнэ.
Бүтээн байгуулалтын хаалттай бүсийг хэрхэн байгуулах вэ?
Хил дээрх хаалттай бүс байгуулахдаа нийт 12.5 км хашаа барина. Одоогийн байдлаар /2025.08.27/ хаалттай бүсийн хашаа угсрах ажил дуусаж, өргөст тор суулгах ажил өрнөж байна.
Мөн төслийн ажилчдын амралт, оршин суух нөхцлийг бүрдүүлэх кемпийн барилгын ажил эхэлсэн. Нийт зургаан блок, 48 өрөө бүхий кемп, бетон замын ажил, бетон зуурмагийн узелийн суурийг ухах, тэгшилгээний бетон, арматур бэлтгэлийн талбайн суурийн ажил зэрэг үндсэн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Монгол Улс болон БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Төслийн бүтээн байгуулалтын ажилд дотоодын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах yy?
Тендерт шалгарсан компани гэрээ байгуулснаас хойш 22 сарын дотор ажлыг гүйцэтгэхээр тендерийн материалаа ирүүлсэн. Тэгэхээр бүтээн байгуулалтыг 1.9 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2027 онд төмөр зам холбогдон, ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.
Нарийвчилсан төлөвлөгөө одоогоор эцэслэж гараагүй байна, гэхдээ 22 сардаа багтаан ажлаа гүйцэтгэнэ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төслийн бүтээн байгуулалтын ажлын 20 хүртэлх хувьд дотоодын туслан гүйцэтгэгч ААН-ийг оруулах зохицуулалттай. Тэгэхээр энэ хүрээнд боломжит ажлуудыг аль болох дотоодынхоо компаниудаар гүйцэтгүүлэх шаардлагыг гүйцэтгэгч компанидаа тавина. Монголын компаниудыг аль болох боломжит хэмжээгээр авч ажиллуулаач гэсэн хүсэлтийг урьдчилсан байдлаар тавиад байна.
Энэ бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх, татварын зохицуулалттай холбоотой гүйцэтгэгч компани Монгол Улсад албан ёсоор компани бүртгүүлж, бүртгүүлсэн компаниараа дамжуулан төлбөр тооцоогоо хийж явах юм.
БНХАУ-ын төрийн өмчит компани учир Төрийн өмчийн хороо, Худалдааны яам, Хөгжил шинэтгэлийн хороо зэрэг гадаадад ажил үйлчилгээ гүйцэтгэх, гадаадад аж ахуйн нэгж байгуулахтай холбоотой дотоодынх нь процедур өрнөж байгаа юм билээ. Энэ бүх ажил явагдаж, ААН нь бүртгэгдсэний дараа Монгол Улстай хамтрах дараа дараагийн шатны ажлууд өрнөх юм.
Төмөр холболтын бүтээн байгуулалтын ажилд манай дотоодын компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллах боломж нь нээлттэй. Бидэнд тавьсан 22 сарын хугацаандаа ажлаа чанартай гүйцэтгэхийн тулд шаардлагаа тавьж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулах байх гэж ойлгож байна.