Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Холбооны нөөцийн сангийн шийдвэрээс үүдэн алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ

Credit: Stock image

Т.Бямбанаран

Энэ долоо хоногт АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) зүгээс бодлогын хүүг бууруулна гэсэн таамаг улам хүчээ авсны улмаас Мягмар гарагт /2025.09.16/ алтны үнэ өсөж, анх удаагаа унц нь 3,700 ам.доллароос давжээ.

Өглөөний арилжаанд алтны спот үнэ унц нь 3,702.84 ам.долларт хүрч, шинэ түүхэн дээд амжилт тогтоосон бөгөөд үүний дараа 3,685 ам.доллар болж буурсан байна.

Уг металлын үнэ өссөн шалтгаан нь АНУ-ын долларын ханш өнгөрсөн долдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрч суларсантай салшгүй холбоотой. Мөн энэ долоо хоногт ХНС-ийн зүгээс бодлогын хүүг бууруулна гэсэн зах зээлийн хүлээлт алтны үнийг өдөөсөн юм.

Есдүгээр сард бодлогын хүү буурснаас гадна энэ оны эцсээр удаа дараа буурна гэж арилжаачид таамаглаж байна. Иймээс хүүгийн хувь хэмжээ бага байгаа тохиолдолд алтны үнэ тогтмол сайн үзүүлэлттэй байдаг тул цаашид ч нэмэгдэхээр байна.

АНУ-д төвтэй олон улсын онлайн арилжааны компани болох “OANDA”-гийн шинжээч Зэйн Вавда Ройтерст агентлагт өгсөн ярилцлагадаа, “Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал болон геополитикийн эрсдэлүүд дунд алт нь аюулгүй хөрөнгийн эх үүсвэр хэвээр байгаа. Гэвч алтны үнийн өсөлтөд нөлөөлөгч гол хүчин зүйл нь ХНС бодлогын хүүгээ хүчтэй бууруулна гэсэн хүлээлт юм” гэжээ.

Энэ оны эхнээс хойш алтны үнэ ойролцоогоор 41 хувиар өсөж, “S&P 500” зэрэг томоохон хөрөнгийн индексүүдийг давж гарлаа. 

Эх сурвалж: mining.com