О.Дөлгөөн
Монголын хамгийн том стратегийн орд болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох асуудал олон жил яригдсаар ирсэн ч бодит алхам ховор хийгдэж байв. Тэгвэл өнөөдөр /2025.09.18/ холбогдох төрийн байгууллагууд, мэргэжлийн институцийн оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулагдсанаар энэ сэдэв дахин анхаарлын төвд орлоо.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өнөөдөр Монголын 3.4 сая иргэн, аж ахуйн нэгжид ногдож байгаа хэдий ч бодитоор арилжаалах боломж хумигдмал хэвээр. Хэрэв компанийн хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр арилжаалбал иргэд өмчөө эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгийн зах зээл илүү идэвхжих суурь тавигдах юм. Энэ нь нэг талаар хөрөнгийн зах зээлийн гүнзгийрэлт, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Хэлэлцүүлгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У. Бямбасүрэн нээж, төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд бүх талын оролцоог хангах шаардлагыг онцоллоо. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг 14 байгууллага оролцсон нь асуудлыг зөвхөн нэг компанийн хүрээнээс давж, үндэсний хэмжээний стратегийн шийдвэр болохыг харуулж байна.
Гэхдээ төрийн оролцоо давамгайлах нь зах зээлийн зарчимтай зөрчилдөх, улс төрийн нөлөө хөрөнгийн биржийн итгэлцэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулна. Энэ нь ирээдүйд шийдвэрлэх ёстой томоохон сорилт юм.
Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн том бэрхшээл нь хөрвөх чадвар бага, арилжаа хязгаарлагдмал байдал. “Эрдэнэс Тавантолгой” шиг үндэсний хэмжээний компани биржид нээлттэй болсноор хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж, зах зээлийн хэмжээг эрс тэлэх боломжтой. Энэ нь зөвхөн дотоодын иргэд төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдыг ч татах хөшүүрэг болж мэднэ.
“Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани болгох үйл явц нь Монголын эдийн засгийн шинэ шатны эхлэл байж болох ч амаргүй зам. Төрийн оролцоо, улс төрийн эрсдэл, зах зээлийн тогтвортой байдлыг зэрэг тэнцвэржүүлж чадвал энэ алхам Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах бодит боломж юм.
Өнөөдрийн хэлэлцүүлэг бол зөвхөн эхлэл. Харин дараагийн алхам нь бодит хэрэгжилт, улс төрөөс ангид ил тод засаглал байж гэмээнэ “иргэдийн өмч” үнэхээрийн эдийн засгийн өгөөж болж чадна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК