Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

БЕН ЧАЛМЕРС: ТУУТ СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГОЛ ТҮЛХҮҮР НЬ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хариуцлагатай уул уурхайн олон улсын стандарт болох “Тогтвортой уул уурхайн төлөө” (Toward Sustainable Mining, ТУУТ/TSM) хэмээх санаачилгыг Канадын Уул уурхайн ассоциаци боловсруулсан бөгөөд Монгол Улс уг стандартад нэгдсэн 13 дахь орон болжээ.

“Ашигт малтмалын төрлөөс үл хамааран олборлолт хийж байгаа л бол хариуцлагатай байх ёстой” гэсэн суурь зарчимтай энэхүү стандартын ач холбогдол, давуу талуудын талаар Канадын Уул уурхайн ассоциацийн Гүйцэтгэх захирал Бен Чалмерстай ярилцаж тодрууллаа.

– Юуны өмнө ТУУТ стандартыг товч танилцуулна уу.

Бен Чалмерс: “Тогтвортой уул уурхайн төлөө” буюу ТУУТ стандартыг Канадын Уул уурхайн ассоциаци 2004 онд боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Өдгөө Канад улс энэ стандартыг 20 гаруй жилийн турш амжилттай ашиглаж байна. Энэ нь салбартаа анхдагч бөгөөд уурхайн түвшинд хэрэгждэг, хараат бус баталгаажуулалт, олон талын оролцоотой хяналтын тогтолцоог багтаасан цогц аргачлал юм. Үндсэн зорилго нь уурхайн компаниудын нийгмийн хариуцлага болон байгаль орчны гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулахад чиглэдэг.

Бид 2014 оноос уг стандартыг олон улсад түгээн нэвтрүүлж эхэлсэн бөгөөд хамгийн түрүүнд Финляндын Уул уурхайн ассоциаци нэгдсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсыг оролцуулан нийт 13 улс нэгдээд байгаа бол ирэх долоо хоногоос Турк улс 14 дэх гишүүн орон болох гэж байна.

– Тус стандарт хэрэгжсэнээр Канадын уул уурхайн компаниуд болон орон нутагт ямар бодит өөрчлөлт авчирсан бэ?

Бен Чалмерс: Үр дүн нь маш бодитой. ТУУТ стандартын үндсэн үзүүлэлтүүдэд хаягдлын менежмент, орон нутгийн оролцоо, биологийн олон янз байдлын хамгаалал зэрэг багтдаг. Энэ стандартыг хэрэгжүүлсэн 20 жилийн хугацаанд тодорхой хэмжигдэхүйц ахиц гарсан.

Жил бүр уул уурхайн компаниуд ТУУТ стандартын протоколын дагуу өөрсдийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлж, үзүүлэлт бүрд тухайн гүйцэтгэлийг илэрхийлэх үсгэн үнэлгээ өгдөг. Ийнхүү гарсан дүнг ТУУТ санаачилгыг хэрэгжүүлэгч тухайн улсын уул уурхайн холбооны цахим хуудсаар олон нийтэд нээлттэй танилцуулдаг бөгөөд гурван жил тутамд хараат бус гаднын байгууллагаар баталгаажуулдаг.

2006 онд бид баталгаажсан тайлангийн тогтолцоог анх хэрэгжүүлж байх үед Канадын уурхайнуудын ердөө 50 орчим хувь нь “А” түвшинд хүрдэг байсан. Өнөөдөр энэ үзүүлэлт 90 хувиас давсан. Үүнээс гадна шалгуур үзүүлэлтүүдийн шаардлага ч улам өндөрсөж байгаа.

Энэ стандартын ихэнх протокол нь гүйцэтгэлийг “С” түвшнээс “AAA” түвшин хүртэл үнэлдэг бөгөөд түвшин бүр нь дараах утгыг илэрхийлнэ. Үүнд:

  • “AAA” - Гүйцэтгэлийн төгс чанар ба манлайлал.
  • “AA” - Систем болон үйл явцыг удирдлагын шийдвэр гаргалт, бизнесийн үйл ажиллагаанд нэгдмэл байдлаар уялдуулан хэрэгжүүлдэг.
  • “A” - Сайн туршлагын түвшин. Систем болон үйл явцыг бүрэн боловсруулан хэрэгжүүлдэг.
  • “B” - Журмууд бүрэн хэвшиж тогтсон боловч бүрэн нийцсэн, баримтажсан бус байна. Систем ба үйл явцыг төлөвлөн боловсруулж, хэрэгжүүлэх шатанд байна.
  • “C” - Систем байхгүй бөгөөд үйл ажиллагаа ихэвчлэн урьдчилан төлөвлөөгүй, хариу арга хэмжээний шинжтэй. Журам байгаа ч бодлого, удирдлагын системд нэгдмэл байдлаар ороогүй.

Мөн онцгойлон тэмдэглэх зүйл бол Канадын уурхайнууд болон орон нутгийн иргэдийн хоорондын зөрчил тэмцэл эрс багассан явдал юм. Энэ нь уурхайн үйл ажиллагааны чанар дээшилж, орон нутгийн оролцогч талуудтай илүү бүтээлч, үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлж байгаагийн илрэл.

Уг стандартын өгөөж нь зөвхөн Канад улсад бус, олон улсын зах зээлд ч мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Харилцагчид хариуцлагатай олборлосон түүхий эд, эрдэс баялгийг илүүд үзэж, хөрөнгө оруулагчид шийдвэрээ уг стандартын шалгуурт тулгуурлан гаргах болсон.

– ТУУТ стандартыг нэвтрүүлэхэд ямар алхмууд хэрэгтэй вэ? Монгол Улсад хэрэгжүүлэх нь хэр бодитой, ач холбогдолтой гэж үзэж байна вэ?

Бен Чалмерс: Монгол Улсад уг стандартыг нэвтрүүлэх нь асар чухал. Үүнийг хэрэгжүүлэхээр зорьсон аливаа холбоо өөрийн гүйцэтгэлийн чиглэл, хэрэгжүүлэх аргачлалыг үндэсний онцлогт тохируулан боловсруулах боломжтой. Гэхдээ заавал мөрдөх ёстой гол бүрэлдэхүүн хэсгүүд бий.

Юуны өмнө тухайн холбоо нь өөрийн гишүүд болон сонирхогч талуудын нийгмийн ба байгаль орчны зорилгыг тусгасан зарчмуудыг тодорхойлох ёстой. Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) манайтай хамтран ажиллах гэрээ байгуулахаас өмнө дээрх зарчмуудыг урьдчилан тодорхойлсон байсан нь онцгой ач холбогдолтой.

Мөн уг зарчмуудын хэрэгжилтийг хэмжих гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг нэвтрүүлэх шаардлагатай бөгөөд МУУҮА уг стандартын протоколуудыг аль хэдийн монгол хэлнээ орчуулсан байна.

Тухайлбал, Аюулгүй, эрүүл, хүндлэлтэй ажлын байрны протокол, Биологийн олон янз байдлын хамгааллын менежментийн гүйцэтгэл, түүний үнэлгээний аргачлал, Нутгийн иргэд болон орон нутгийн харилцааны протокол, Тэгш ба олон янз байдал, оролцоотой ажлын байрны протокол, Усны менежментийн протокол, Уур амьсгалын өөрчлөлтийн протокол, Хаягдлын менежментийн протокол, Хүүхдийн болон албадан хөдөлмөр эрхлэхээс сэргийлэх, Хямралын менежмент, мэдээлэл харилцааны төлөвлөлтийн протокол багтаж байна.

Дараа нь уурхайн нэгжийн түвшинд тайлагнах, хараат бус баталгаажуулалт хийлгэх, үнэлгээний үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх ёстой.

Үүнээс гадна, ТУУТ стандартыг хэрэгжүүлэх үйл явцыг чиглүүлэх, хянах зорилгоор олон талын төлөөллийг багтаасан хараат бус Зөвлөл байгуулах шаардлагатай. Монголд энэ бүтэц хараахан бүрэн бүрдээгүй байгаа нь цаашид анхаарах асуудал юм.

Эдгээр алхмууд тодорхой хугацаа шаарддаг ч 5 жилийн дотор үе шаттайгаар нэвтрүүлэх боломжтой.

– Хариуцлагатай уул уурхайг дотооддоо болон олон улсын түвшинд дэмжихэд Канадын Уул уурхайн ассоциаци ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Бен Чалмерс: Манай холбоо Канад улсын хэмжээнд ТУУТ стандартыг хэрэгжүүлж, зохицуулах үүрэг гүйцэтгэдэг. МУУҮА-ийн нэгэн адил бид ч салбарын тогтвортой хөгжлийг хангах бодлого, зохицуулалтын өөрчлөлтийг дэмжин ажилладаг. Гэхдээ бид зөвхөн салбарын эрх ашгийг хамгаалахаас гадна шийдэл гаргах тал дээр ч идэвхтэй оролцдог.

Олон улсын түвшинд бид ТУУТ стандартыг бусад улсын холбоодод үнэ төлбөргүй, ямар ч татвар болон тусгай зөвшөөрлийн төлбөргүйгээр нээлттэй түгээдэг. Мөн сургалт зохион байгуулж, чадавх бэхжүүлэхэд өөрсдийн цаг, хүчин чармайлтыг зориулах нь бидний бас нэгэн чухал үүрэг. Жишээ нь, бид өнгөрсөн жил МУУҮА болон түүний гишүүдэд зориулан сургалт зохион байгуулсан бол энэ жил дахин үргэлжлүүлж байна.

– Монгол болон Канадын уул уурхайн холбоодын хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ? Хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтой юу?

Бен Чалмерс: Хамгийн чухал төсөл бол ТУУТ стандартыг хамтран хэрэгжүүлж буй явдал юм. Уг стандартын давуу талуудын нэг нь ижил чиг баримжаатай уул уурхайн холбоодын олон улсын сүлжээг бий болгосон явдал. Өнөөдөр нийт 14 холбоо энэ сүлжээнд нэгдсэн тухай өмнө дурдсан. Бид тогтмол туршлага солилцож, тулгарч буй сорилтуудын талаар хэлэлцдэг.

Иймээс хамтын ажиллагаа зөвхөн Канад, Монголын хооронд бус, илүү өргөн хүрээнд өрнөж байна. Жишээлбэл, Колумбын Уул уурхайн ассоциацийн төлөөлөгчид ч Монголд ирж, сургалтын үйл ажиллагаанд оролцож байна. ТУУТ стандартыг амжилттай хэрэгжүүлэх гол түлхүүр нь хамтын ажиллагааны энэхүү соёл юм.