Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын нүүрсний импорт он гарсаар 11%-иар буурав

Б.Төгс

Хятадын нүүрсний импорт оны эхний есөн сарын хугацаанд 345.89 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 11.1%-иар буурсныг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Харин сарын дүнгээр авч үзвэл тус улсын нүүрсний импорт есдүгээр сард он гарснаас хойш хамгийн өндөр үзүүлэлтэд буюу 46 сая тоннд хүрчээ. Энэ нь өмнөх сараасаа 7.64%-иар өссөн дүн боловч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.33%-иар бага үзүүлэлт боллоо.

Сүүлийн гурван сарын хугацаанд нүүрсний импортод сэргэлт ажиглагдаж байгаа бөгөөд импорт нэмэгдэх болсон нь дотоодын нийлүүлэлт багассаны сацуу эрэлт нэмэгдсэнтэй холбоотойг тус улсын нүүрсний мэдээллийн гол суваг Фэнвэй Энержи мэдээллээ.

Нийлүүлэлт талд, есдүгээр сард Хятадын дотоодын олборлолтын хэмжээ төдийлөн нэмэгдээгүй байна. Үүнд уул уурхайн голлох бүс нутгуудад үргэлжилсэн бороо орсноос гадна уурхайнуудад хийх аюулгүй ажиллагаа, байгаль орчны хяналт шалгалт эрчимжсэн нь голлон нөлөөлжээ.

Наймдугаар сард тус улсын хэмжээнд нийт 390 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 3.2%-иар доогуур үзүүлэлт болсон байна. Энэ нь долдугаар сарын 381 сая тоннын үзүүлэлтээс ялимгүй нэмэгдсэн дүн юм. Гэсэн ч тус улсын дотоодын олборлолтын хэмжээ он гарсаар харьцангуй сул байгаа бөгөөд уг хандлага есдүгээр сард ч үргэлжилснийг Фэнвэй Энержи мэдээлсэн байна.

Станцуудын цахилгаан үйлдвэрлэл нэмэгдэж буй нь нүүрсний эрэлтийг өдөөж байна. Тус улсын цахилгааны хэрэглээ өнгөрсөн наймдугаар сард 1015.4ТВт.ц болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 5%-иар нэмэгдсэнийг тус улсын Үндэсний эрчим хүчний газар мэдээлжээ. Ийнхүү тус улсын цахилгааны сарын хэрэглээ 1000ТВт.ц давсан хоёр дахь тохиолдол боллоо. Хятадын нүүрсний цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэл наймдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 2%-иар өссөн (627.4ТВт.ц) бол усан цахилгаан станцын үйлдвэрлэл усан сангийн эх үүсвэр татарснаар 10%-иар буурсан байна.