
Б.Төгс
Монгол Улсын Засгийн газрын Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр ирэх долоо хоногт эхлэхээр болсон байна. Уг хэлэлцээрийн хүрээнд төслийн зээлийн хүүг бууруулах, Монголын талын ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах асуудлыг голлон хэлэлцэх юм.
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг энэ оны наймдугаар сард байгуулагдаж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх товыг ийн зарлалаа. Уг хэлэлцээрээр зээлийн хүүг хамгийн багадаа 3%-4%-иар бууруулах хүлээлт үүсээд байгаа бөгөөд одоогийн байдлаар төслийн зээлийн хүүгийн хэмжээ 11% (SOFR+6.6%) байгаа юм. Харин Монгол Улсын Засгийн газрын гадаад зээлийн бенчмарк SOFR+2.2% байна.
Сангийн сайд хоёр талаасаа харилцан зөвшилцөж зээлийн хүнд нөхцөлүүдийг буулгах таатай бөгөөд эрсдэл буурсан цаг үед долоон жилийн ээлжит энэ үе тохиож байгааг онцоллоо. Өөрөөр хэлбэл Монголын зээлжих зэрэглэл сайжирсан, нөгөө талаас далд уурхайн төсөл маш амжилттай эхэлж технологийн дагуу ухрах алхам байхгүй болсныг тэмдэглэлээ. Одоо төсөл зогсох, гацах, сунжрах эрсдэл байхгүй учир хоёр талаас саналуудаа тавиад аль аль талынхаа нөхцөл боломжийг сайжруулах байдлаар гэрээ хэлэлцээрээ хийх тухайд харилцан ойлголцсон байна. Хэлэлцээрт манай талаас зээлийн хүүг бууруулахаас гадна нийлмэл хүү буюу хүүнээс хүү тооцож байгаа бүдүүлэг байдлыг засах, мөн долоон жилийн хугацааг гурван жил болгож бууруулах саналыг тавих ажээ.
“Рио Тинто”-ийн хувьд ч Оюутолгойг тойрсон хувь нийлүүлэгчдийн хэд хэдэн асуудлыг шийдэх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрсөн байна. “Онтре”-ийн асуудал, зээлийн хүү, менежментийн төлбөрийг хамтад нь хэлэлцэх санал ирүүлсэн тухай Сангийн сайд тэмдэглэлээ.
Хоёр хоногийн өмнө хэлэлцээрээ биечилж нэг ширээний ард сууж үргэлжлүүлэх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч талд тавьж, энэ дагуу өнөөдөр өглөө ажил хэрэгч, нааштай хариу захидал хүлээн авсан байна.
Засгийн газрын тухайд Оюутолгойн асуудлаар ажлын хэсэг байгуулан энэ онд багтаан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн үр дүнд хүрэхээр ажиллаж байна.