
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2025.10.28) болж, АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлыг хэлэлцэв. Шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудын хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцлахаар болсон талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.
Өнөөдрийн (2025.10.28) 08:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 86 вагон шатахуун байгаагаас Толгойт өртөөнд 16, Аршаант өртөөнд 6, Улаанбаатар өртөөнд 5, Дархан өртөөнд 10, Сайншанд өртөөнд 5, Эрдэнэт өртөөнд 10, Сүхбаатар өртөөнд 34 вагон байна.
Харин Улаанбаатар хот дахь шатахуун импортлогч томоохон компанийн агуулахуудад 09:00 цагийн байдлаар 2,824 тонн АИ-92 автобензин байгаа бөгөөд нэмэлтээр 30 вагон буюу 1,800 тонн шатахуун буугаад байна. Буусан шатахуунаас 1,169 тонн нь нийслэлийн 115 шатахуун түгээх станц руу, 592 тонн нь орон нутгийн хэрэглээнд ачигдсан байна.
Монгол Улсын Засгийн Газар