
Өмнөговь аймагт боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн хөгжлийг дэмжих “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан"-гийн төслүүд амжилттай хэрэгжиж байна. Сүүлийн 10 жилд тус сан нь иргэдийн амьдралын чанар, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулжээ.
Боловсролын хөгжилд чиглэсэн “Боловсрол Өмнөговь” хөтөлбөр (2024–2028)
2024 онд хөтөлбөрийн хүрээнд боловсролын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, сургалтын орчныг сайжруулахад чиглэсэн 32 үйл ажиллагаа, 68 арга хэмжээг зохион байгуулж, нийт 23,507 хүн хөтөлбөрийн үр шимийг хүртсэн байна.
Эрүүл мэндийг дэмжих “Эрүүл Өмнөговь” хөтөлбөр (2024–2028)
Эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор 22 байгууллагын 150 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулжээ. Мөн 7,792 хүн урьдчилан сэргийлэх үзлэгт, 500 хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд 5,000 гаруй иргэнд эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт зохион байгуулсан байна. Эрүүл мэндийн байгууллагуудад 44 нэр төрлийн 57 эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлснээр нөөц, чадавхыг нэмэгдүүлжээ. Хөтөлбөрийн нийт үр шимийг 8,971 хүн хүртсэн байна.
“Говийн Оюу” тэтгэлэгт хөтөлбөр
2016 оноос хэрэгжиж буй энэхүү хөтөлбөр нь Өмнөговь аймгийн оюутнуудад дотоодын их, дээд сургуулиудад суралцахад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. 2016–2025 онд 763 оюутан тус хөтөлбөрт хамрагдаж, 2 тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг авсан бөгөөд төгссөн оюутнуудын 85 хувь нь орон нутагтаа ажиллаж байна.
“Говийн Оюу – Бизнес боломж” бичил зээлийн хөтөлбөр
2016–2025 онд 131 бизнес эрхлэгчдэд нийт 5.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 260 байнгын болон түр ажлын байр бий болгожээ. Зээлийн хүү жилийн 7.2%, сарын 0.6% бөгөөд дээд хэмжээ нь 80–100 сая төгрөг байна.
Сүүлийн 10 жилд давхардсан тоогоор нийт 840,000 гаруй хүн “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн төслүүдийн үр шимийг хүртсэн бөгөөд орон нутгийн иргэд, оюутан, бизнес эрхлэгчдээс эхлээд шинэ сургууль, цэцэрлэгийн сурагчид хүртэл багтаж байна. Тус сан 2025–2028 онд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засгийн хөгжлийг дэмжих 15 шинэ төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

“Оюу толгой” компани нь Монголын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто”-той стратегийн түншлэлийн хүрээнд ажилладаг тус компани нь орон нутгийн хөгжлийг дэмжих олон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, технологи, менежментийн дэвшилтэт арга барилаар дэлхийн түвшний уурхайг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Ийнхүү боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр 10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан “Говийн Оюу” сан болон “Оюу толгой” компанийн хамтын ажиллагаа Өмнөговь аймгийн иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчирч байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.goviinoyu.mn