
Т.Бямбанаран
Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн ховор металлын үйлдвэрлэл эрс өөрчлөгджээ. 1990-ээд оны үед АНУ нь Калифорни мужид орших “Mountain Pass” уурхайн үйл ажиллагаанд түшиглэн газрын ховор металлын томоохон үйлдвэрлэгч орон байв. Гэвч 1997 онд тус уурхайн хаягдал усны асуудлаар үүссэн хууль эрхзүйн маргааны дараагаар АНУ-ын үйлдвэрлэл огцом буурч, үүний улмаас Хятад улс ховор металлын олборлолтоо хурдацтай тэлэх боломжтой болсон байна.
Энэхүү инфографикт 1994-2024 оны хооронд дэлхийн улс орнуудын ховор металлын олборлолт хэрхэн өөрчлөгдсөнийг харуулжээ.
Хятадын ноёрхол
Хятад улс 1994 онд ойролцоогоор 31,000 тонн газрын ховор оксид (REO) үйлдвэрлэж байсан бол 2024 он гэхэд 270,000 тонн болгон эрс өсгөжээ. Энэ хугацаанд Хятадын нийлүүлэгчид төрийн дэмжлэг, байгаль орчны харьцангуй сул стандарт болон ажиллах хүчний хямд өртөг зэрэг хүчин зүйлсийн ачаар АНУ-ын үйлдвэрлэгчдийг зах зээлээс шахан гаргасан байна.
Өдгөө Хятад улс ховор металлын олборлолтод төдийгүй боловсруулах шатанд ч ноёрхож, баяжуулсан ховор металлын нийлүүлэлтийн 90 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг бөгөөд салгах, цэвэршүүлэх хамгийн том хүчин чадал бүхий улс болжээ.
АНУ-ын уналт ба сэргэн мандалт
1990-ээд оны дунд үед “Mountain Pass” уурхай дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болж, АНУ жил бүр 20,000–22,000 тонн ховор металл олборлодог байжээ. Харин 1997 онд болсон уурхайн хаягдал усны алдагдал болон түүнтэй холбоотой эрхзүйн маргааны улмаас тус улсын үйлдвэрлэл 1998–2002 онд 5,000 тонн хүртэл буурч, үйл ажиллагаа нь саатсаар 2010-аад оны эхэн үед бүрэн зогссон байна.
Гэсэн хэдий ч 2010 оны сүүлчээр үйлдвэрлэл нь аажмаар сэргэсэн бөгөөд 2024 он гэхэд тус улсын олборлолт ойролцоогоор 46,000 тоннд хүрч чаджээ. Гэвч 2020–2023 оны хооронд Хятад улс АНУ-ын ховор металлын импортын 70%-ийг хангаж байсан нь Хятад өнөөг хүртэл тус салбарын хамгийн гол нийлүүлэгч хэвээр байгааг харуулж буй юм.
Ховор металлын ач холбогдол
Неодим, диспрозий, тербий зэрэг 17 төрлийн металлаас бүрдэх газрын ховор элементүүд (ГХЭ) нь орчин үеийн дэвшилтэт технологийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм. Тэдгээр нь гар утас, цахилгаан автомашин, салхин сэнс, сөнөөгч онгоц, пуужингийн чиглүүлэгч систем зэрэг олон төрлийн төхөөрөмжийг ажиллуулахад голлох үүрэгтэй. Ховор металл нь соронзон шинж чанартайгаас гадна гэрэлтүүлэх болон дамжуулах өвөрмөц шинжийг агуулдаг тул цэвэр эрчим хүчний технологид юугаар ч орлуулшгүй материал болдог аж.
Сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Хятад улсаас хамааралтай байдлаа бууруулах зорилгоор хэд хэдэн бодлогын санаачилга хэрэгжүүлж эхэлжээ. Үүнд дотоодын олборлолтын төслүүдийг санхүүжүүлэх, тусгай зөвшөөрлийн үйл явцыг хялбаршуулах, нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхийн тулд түнш орнуудтай хамтран ажиллах зэрэг алхмууд багтаж байна.
Эх сурвалж: Benchmark Mineral Intelligence, АНУ-ын Геологийн Алба (USGS)