
The Mongolian Mining Journal сэтгүүлийн 2025.09-р сарын дугаар
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “MiningWeek & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтын эхний өдөр “Нөөц баялгаас хамтын хөгжилд: Орон нутгийн хөгжил дэвшилд уул уурхайн оруулах хувь нэмэр” сэдэвт илтгэлийг Хамтын чуулган танхимд хэлэлцүүллээ.
Уул уурхайн салбар нь зөвхөн Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн ирээдүйн хөгжилд стратегийн чухал байр суурь эзэлдэг. Жил бүрийн энэхүү чуулганд орон нутгийн хөгжилд уул уурхайн оруулах нөлөө, улс орны ирээдүйн чиг хандлагын талаар мэргэжилтнүүд санал бодлоо хуваалцан, хэлэлцүүлэг өрнүүлдэг нь учиртай.
Орон нутгийн иргэдтэй уулзах бүрд “Уул уурхайн компаниудын нэр хүндийг тэдний олборлосон баялгийн хэмжээ бус, харин орон нутгийн хөгжилд оруулсан бодит хувь нэмэр нь тодорхойлдог” гэсэн санаа байнга давтагддаг. Энэ нь дан ганц Монголд биш миний төрж өссөн Өмнөд Африкт ч мөн адил үйлчилдэг. Олборлосон баялгаараа бус, харин газрын хөрсөн дээрх бүтээн байгуулалтаараа уул уурхайн үнэ цэнэ хэмжигддэг болсон.
Өнөө цагт уул уурхай бол илүү аюулгүй баталгаатай зам, гүүр, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, ирээдүйд үлдэх соёлын өв, өрхийн бизнесээр үнэлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хамтын итгэлцэл бий болох, боломж бүрдэх, ирээдүйд итгэх итгэлийг бэхжүүлэх тухай ойлголт юм.
Олон улсын жишээг харвал уул уурхай нь нийгмийн тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэх ч чадамжтай, эсвэл эсрэгээрээ арилгах ч боломжтой. Өмнөд Африкт олон арван жилийн турш газрын баялаг тэгш бус хуваарилагдаж байсан ч сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар нь боловсрол, эрүүл мэнд, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж эхэлсэн. Австралийн жишээ ч үүний нотолгоо. Тэнд уул уурхайн орлогоор алслагдсан бүс нутгуудад сургууль, эмнэлэг, хурдны зам барьж, орон нутгийн иргэдэд 12 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол бидэнд чухал сургамж.
“Оюутолгой” дэлхийн хамгийн том зэсийн ордуудын нэг. Гэвч би Оюу толгойг зөвхөн олборлолтын хэмжээгээр бус, хамгийн түрүүнд Ханбогд сумын хөгжлөөр нь ярих дуртай. Өмнө нь дэд бүтэц бараг үгүй байсан энэ суманд өнөөдөр засмал зам, сургууль, жижиг бизнесүүд бий болж, тогтвортой хөгжлийн суурь тавигджээ. Манай ажилчдын дөрөвний нэг нь Өмнөговь аймгийн иргэд бөгөөд Улаанбаатар хотоос Ханбогдод ирж, суурьших болсон. Эмэгтэйчүүд ч төрөлх нутгаасаа холдохгүйгээр дэлхийн түвшний уул уурхайн технологийг удирдан ажиллаж байгаа нь онцлох жишээ.
Уул уурхайн салбарын нийгмийн хариуцлага урьд өмнөхөөс илүү өсөн нэмэгдэж байгаа. Учир нь сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин, дижитал технологийн хэрэглээ өсөхийн хэрээр зэс, лити, газрын ховор элементүүдийн эрэлт дэлхий дахинд эрс нэмэгдэж буй.
Оюутолгойн хувьд 3 үндсэн зарчмыг баримталдаг. Нэгдүгээрт, уул уурхай илүү цэвэр байх ёстой. Бид гүний уурхайд батарейгаар ажилладаг ачааны машинуудыг нэвтрүүлж, усны хэрэглээгээрээ дэлхийн хамгийн хэмнэлттэй уурхайнуудын нэгэнд тооцогдож байна.
Хоёрдугаарт, уул уурхай илүү ухаалаг байх ёстой. Зөвхөн ажлын байр бий болгохоос гадна уурхайн хаалтын дараа ирээдүйг тооцож, нутгийн иргэдийн хөгжилд анхаарах нь чухал. Иймээс бид сургалт, тэтгэлэг зэрэгт 150 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулж, инженер, багш, ирээдүйн удирдагчдыг бэлтгэж байна. Мөн хиймэл оюун ухаан, алсын зайн удирдлагатай тоног төхөөрөмж, урьдчилан таамаглах ухаалаг системийг үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Гуравдугаарт, уул уурхай шударга байх ёстой. Иргэдийн амьдрал өчигдрөөсөө илүү сайжирч байх нь жинхэнэ үнэт зүйл. Энэ зорилгоор бид “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”, “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Саяхан "Эрдэнэс Оюутолгой" ХХК болон Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнтэй хамтран бүс нутгийн хөгжлийг Монгол Улсын урт хугацааны бодлоготой уялдуулан дэмжихээр боллоо.
Орчин үеийн уурхай бол урт хугацааны түншлэл, хамтын хөгжил юм. Бидний өмнө хоёр сонголт байна. Баялгийг нь аваад ирээдүй хойчдоо юу ч үлдээлгүй орхих уу, эсвэл ард иргэд нь “уул уурхай бидэнд илүү сайхан ирээдүй авчирсан” гэж итгэл төгс хэлэх салбарыг бий болгох уу? Мэдээж бидний сонголт ойлгомжтой.
“Оюу толгой”-н өгөөж хөрснөөс олборлосон тонн зэсээр бус орон нутгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанараар хэмжигдэх болно.