Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хэлэлцээг үргэлжлүүлэхээр болов

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон Рио Тинто группийн эрх бүхий ажлын хэсгийн хооронд ээлжит хэлэлцээний эхний өдөр талууд тодорхой асуудлуудаар зөвшилцөж, протоколд гарын үсэг зурлаа.

Протоколд “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянах хэлэлцээ албан ёсоор эхэлснийг баталгаажуулсан бөгөөд 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал шийдвэр гаргахаар зорьж байгааг дурджээ. Хэрэв энэ хугацаанд тохиролцоонд хүрэхгүй бол хэлэлцээний хугацааг сунгах боломжтой гэж талууд тохиролцов.

Хэлэлцээний үеэр хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг олон улсын зах зээлийн стандартын дагуу тогтоох, мөн зээлийн хүүтэй холбоотой бусад нөхцөлүүдийг авч хэлэлцэхээр тогтжээ.

Мөн менежментийн үйлчилгээний төлбөрийг олон улсын жишигт нийцсэн, шударга, хүлээн зөвшөөрөхүйц байдлаар шийдэх чиглэлээр ажиллаж, хэлэлцээний явцад ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхыг талууд тохиролцов. Хэлэлцээ үргэлжилж байна.

Монгол Улсын Засгийн Газар