Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэс Тавантолгой”-н 2010 оноос хойших бүх нүүрсний гэрээг ил болгох Засгийн Газрын шийдвэр гарлаа

Credit: Эрдэнэс Тавантолгой

Т.Бямбанаран

Засгийн Газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний худалдаатай холбоотой аливаа эргэлзээ, хардалт, “нүүрсний хулгай” гэх асуудлыг нэг мөр цэгцлэхийн тулд тус компанийн бүх гэрээг ил тод болгохоор шийдвэрлэснийг онцоллоо.

С.Бямбацогтын хэлснээр, “Эрдэнэс Тавантолгой” компани 2010 оноос хойш нүүрс худалдах, худалдан авах нийт 586 гэрээ байгуулжээ. Өмнө нь 2022 онд 10 орчим гэрээг нууцын зэрэглэлээс гаргаж, өнгөрсөн сард дахин 40 орчим оффтек гэрээг олон нийтэд ил болгосон байна. Харин энэ удаад Засгийн Газрын шийдвэрийн дагуу 531 гэрээг ил болгож, компанийн цахим хуудсанд байршуулна.

Ил болгох боломжгүй, ам нөхцөлтэй, олон улсын томоохон компаниудтай байгуулсан таван гэрээ үлдсэн ба нөгөө талын зөвшөөрөл шаардлагатай тул одоогоор нууцын зэрэглэл хэвээр байгаа аж. “Гэсэн ч бид эдгээрийг ил тод болгохын тулд холбогдох талуудтай идэвхтэй ажиллаж байна” гэж С.Бямбацогт хэлэв.

Тэр бээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүх гэрээг ил болгох энэхүү шийдвэрийн ач холбогдлыг тайлбарлан, “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байна” гэж Үндсэн хуульд заасан бөгөөд нүүрсний гэрээ хэлцлүүдийн ил тод байдал нь ард иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаж, аливаа хардалт, төөрөгдлийг арилгах зорилготой гэдгийг онцоллоо. Ил болсноор ямар гэрээг хэзээ, хэнтэй байгуулсан, Монгол Улсад ашигтай эсвэл алдагдалтай байсан эсэхийг олон нийт харах боломж бүрдэнэ.

Мөн Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс Тавантолгой”-г хувьцаат компани болгох бэлтгэлийг эхлүүлжээ. Энэ хүрээнд 2022, 2023, 2024 оны санхүүгийн тайланг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниар шалгуулж, аудитын үр дүнг ил тод зарласнаар олон улсын менежментийн баг сонгон шалгаруулах нөхцөлийг бүрдүүлэх юм байна.

Тэр бээр мөн мэдээлэлдээ, өнгөрсөн 15 жилд “Эрдэнэс Тавантолгой” 176 сая тонн нүүрс олборлож, 166 сая тонныг борлуулан 36 их наяд төгрөгийн орлого олж, улмаар улсын төсөвт 10.8 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн гэв.