Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 9 ДҮГЭЭР САРД ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ

Б. Төгсбилэгт

Mонгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 9 сарын байдлаар 19.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.6%-иар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 10.7 тэрбум ам.доллар, импорт 8.53 тэрбум ам.долларыг бүрдүүлсэн байна. Экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.1%-иар, импорт 0.9%-иар тус тус буурчээ. Гадаад худалдааны тэнцэл мөн хугацаанд 2.17 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.

Зэсийн баяжмал, нүүрс, алтны экспорт энэ хугацаанд улсын нийт экспортын 80%- ийг бүрдүүлжээ.

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, Монгол улсын нүүрсний экспортын хэмжээ оны эхний 9 сарын байдлаар 62.6 сая тоннд хүрч дээд амжилт тогтоолоо. Үүнд чулуун нүүрсний экспорт 58.4 сая тонн, хүрэн нүүрсний экспорт 4.22 сая тонноор хэмжигдэж байна. Чулуун нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.3%- иар бага байгаа юм. Харин хүрэн нүүрсний экспортыг хамруулж тооцсон нийт дүнгээр авч үзвэл нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 2.3 орчим хувиар өссөн дүнтэй гарлаа. Он гарсаар нүүрсний экспорт сардаа 6-7 сая тонны түвшинд хэлбэлзэж байсан бол найм, есдүгээр сард огцом өслөө. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн 9 дүгээр сард улсын хэмжээнд 9.7 орчим сая тонн нүүрс экспортолсон нь мөн түүхэн дээд үзүүлэлт болж байна.

Хэдийгээр биет хэмжээгээр нүүрсний экспорт өндөр байгаа ч орлогын дүнгээр мэдэгдэхүйц буурсан хэвээр байна. Тодруулбал тайлант хугацаанд нүүрсний экспортын нийт орлого 4.06 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 40%-иар буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь зах зээлд нүүрсний ханш буурсантай холбоотой. Гэхдээ зах зээлд ханш тодорхой хэмжээгээр өсөх хандлагатай болсноор экспортын нүүрсний борлуулалтын үнэ дээшиллээ. Тухайлбал 8 дугаар сард чулуун нүүрсний борлуулалтын ханш тонн тутамдаа дунджаар 56.8 ам.доллар байсан бол 9 дүгээр сард дундаж ханш 8%-иар өсч 61.3 ам.доллар боллоо.

Зэсийн баяжмалын экспортын тухайд мөн хугацаанд 1.65 сая тонн бүтээгдэхүүн гадагш нийлүүлж, 3.94 тэрбум ам.доллар олсон нь жингийн хувьд 39%, орлого 74.2%-иар тус тус өсөв. Катодын зэсийн экспорт мөн хугацаанд 100 сая ам.доллар давсан нь 30 орчим хувийн өсөлтийг харууллаа.

Алтны экспортын тухайд мөн хугацаанд нийт 6.78 тонныг экспортолж 701.6 сая ам.доллар олсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс жингээр 25%-иар бага боловч орлогын дүнгийн тухайд 5 орчим хувиар нэмэгдсэн дүнтэй гарлаа. Ханшийн өсөлт алтны экспортын борлуулалтад ийн эерэг нөлөөлж буй ч Төв банкны алт худалдан авалт бууралттай байна. 

Энэ оны эхний 9 сарын байдлаар төв банк 9.8 тонн үнэт метал худалдан авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 19.5%-иар бага дүн боллоо.

Харин төмрийн хүдрийн тухайд он гарсаар эхний 9 сарын байдлаар нийт 6.48 сая тонныг экспортолж 465 сая ам.доллар олсон байна. Энэ нь жингээр 18.7%-иар ахиу байгаа бол орлого нь 4.2%- иар өслөө.

Газрын тосны экспортын тухайд он гарсаар бууралттай байна. Тайлант хугацаанд манай улс нийт 2.68 сая баррель нефть экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 13.6%-иар буурсан дүн юм. Орлогын тухайд газрын тос борлуулалт 200 орчим сая ам.доллароор хэмжигдсэн нь 20 орчим хувиар буурсныг илтгэнэ.

Бусад ашигт малтмалын бүтээгдэхүүний тухайд молибденийн баяжмалын экспорт бууралттай байгаа бол цайрын баяжмал, хар тугалга, гянтболдын экспортын орлого мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.