
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.18/ ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзаж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэх тулгамдсан болон ирээдүйн зорилтуудыг хэлэлцлээ.
Уулзалтын үеэр талууд эрчим хүч, аж үйлдвэр, зам тээвэр, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй урагшилж буйг тэмдэглэв. Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойн төсөл, мөн “Монгол–Орос–Хятадын Эдийн засгийн коридор” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой ач холбогдол өгч, шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэн ажиллаж буйгаа илэрхийллээ.
ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин Монголыг Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн гол түншүүдийн нэг хэмээн онцолж, хоёр улсын ард түмний уламжлалт нөхөрлөл, харилцан итгэлцэл нь хамтын ажиллагааны бат бөх суурь болдгийг тэмдэглэв. Тэрээр ОХУ шатахуун экспортод тодорхой хязгаарлалт хийсэн ч энэ нь Монгол Улсад хамаарахгүй бөгөөд шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж, цаашид нэмэгдэх болно гэдгийг мэдэгдэв.
Мөн хоёр тал худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ онд багтаан Улаанбаатар хотод зохион байгуулахаар тохиролцлоо.
Монгол Улсын Засгийн Газар