
О. Дөлгөөн
Дэлхийн институцийн хөрөнгө оруулагчдын бараг 70% нь ирэх жил алтны үнэ цаашид өснө гэж харж байна гэж Голдман Сакс мэдээллээ. Энэ нь тус банкны шинэ санал асуулгын дүн юм.
Хамгийн олон буюу 36% нь 2026 оны эцэс гэхэд алтны үнэ унц нь 5,000 ам.доллароос давна гэж үзжээ. Судалгаанд оролцогчдын гуравны нэг нь үнэ $4,500–$5,000-ын хооронд хэлбэлзэнэ гэж хариулсан бол, ердөө 5% орчим нь $3,500–$4,000 хүртэл унах боломжтой гэжээ.
Голдман Сакс банк уг санал асуулгад 11-р сарын 12–14-ны өдрүүдэд Marquee платформынхаа 900 гаруй үйлчлүүлэгчийг хамруулсан байна.
Төв банкуудын алтыг тогтвортой худалдан авч буй байдал болон бодлогын хүү буурах хүлээлт зэрэг нь алтны үнийг энэ жил олон удаа шинэ дээд түвшинд хүргэсэн.
2025 он гарсаар алтны үнэ 61% өсөж 4,223.36 ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь дараалан 3 дахь жилдээ давтамжтай хоёр оронтой өсөлт үзүүлж буй явдал юм. Алт өнгөрсөн сард анх удаа 4,000 ам долларын босгыг давсан.
Судалгаанд оролцогчдын 38% нь “алтны үнийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь төв банкны худалдан авалт” гэж хариулсан бол, 27% нь “санхүүгийн алдагдлын эрсдэл” буюу төсвийн асуудлыг хоёрдугаар чухал хүчин зүйл гэж үзжээ.
Sprott Asset Management компанийн энэ сарын "Үнэт металлын тайлан"-д, алтны үнийг өсгөж буй бүтцийн хүчин зүйлс хараахан дуусаагүй гэж дурджээ. Хөрөнгө оруулагчид ам.доллараар үнэлэгдсэн бонд болон валютын ханшийн савлагаанд өртөмтгий хувьцаанаас хөрөнгөө татаж, оронд нь алт болон криптовалют руу шилжиж байна гэж тайланд өгүүлсэн.
mining.com