Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох талаар судалж байна

Ч.Сансар

Энэтхэг улс тээврийн саад бэрхшээлийг үл харгалзан Монголоос коксжих нүүрс импортлох талаар судалж байгаа гэж эх сурвалж мэдээлэв. Ийнхүү Нью Дели гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний нийлүүлэлтийг төрөлжүүлэхийг эрмэлзэж байна.

Энэтхэг бол дэлхийн хоёр дахь том ган үйлдвэрлэгч бөгөөд коксжих нүүрсний хэрэгцээнийхээ 85 орчим хувийг импортоор хангадаг. Импортын нүүрсний талаас илүү хувийг Австралиас нийлүүлдэг. Ирээдүйд эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа нь засгийн газар болон ган үйлдвэрлэгчдийг коксжих нүүрсний шинэ нийлүүлэгчдийг хайхад хүргэж байна гэж эх сурвалжаас мэдээлэв.

Далайд гарцгүй Монгол улс экспортын хоёр худалдааны коридортой: нэг нь Оросоор дамжин өнгөрөх урт зам, нөгөө нь Хятадаар дамжин өнгөрөх зам юм.

Энэтхэг улс Хятадаар дамжих энэ замыг урт хугацаанд ашиглах боломжгүй гэж үзэж байна, учир нь Бээжин Монгол улсыг нүүрс нийлүүлэгчийн хувьд стратегийн ач холбогдолтой улс гэж үздэг. Үүнээс гадна Бээжин уг худалдааны замыг хаах боломжтой гэж эх сурвалж хэлэв.

Нью Дели, Бээжин нар 2020 онд хил дээр гарсан зэвсэгт мөргөлдөөний дараа эдийн засгийн харилцаагаа аажмаар сэргээж байна.

Салбарын мэргэжилтнүүд Монголын коксжих нүүрсийг харьцангуй хямд үнэтэй, өндөр чанартай нүүрс гэж үздэн. Гэхдээ логистик нь хамгийн том асуудал хэвээр байгааг эх сурвалж дурдав.

Энэтхэг улс Монголын нүүрсийг туршилтаар тээвэрлэж үзнэ гэж энэ оны эхээр төлөвлөж байсан ч тэр нүүрсээ хараахан аваагүй байна. Төрийн өмчит “Энэтхэгийн Гангийн Газар” (SAIL) компани Монголоос 1 тонн нүүрс авах захиалга өгсөн гэж Ройтерс агентлаг тавдугаар сард мэдээлж байсан.

"SAIL нь Монголоос коксжих нүүрс нийлүүлэх асуудлаар Монголын коксжих нүүрсний үйлдвэрлэгчидтэй тасралтгүй хамтран ажиллаж байна" гэж SAIL имэйл мэдэгдэлдээ дурджээ.

Энэтхэгийн коксжих нүүрсний импортын 15 орчим хувийг Орос, АНУ тус тус эзэлдэг гэж эх сурвалж мэдээлэв.

Эх сурвалж: reuters.com