Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

VR — Аюулгүй, ухаалаг уурхайг бүтээх шинэ зэвсэг

О. Дөлгөөн

Дэлхий даяар жилд 15,000 гаруй уурхайтай холбоотой гэмтэл гарч, нүүрс олборлолтод 60–70 хүн нас бардаг гэсэн статистик бий. Мөн уурхайн ослын дундаж зардал 4 сая ам.доллараас давдаг нь салбарын зайлшгүй аюулгүй байдлын хэрэгцээг илтгэнэ.

Энэ бүхэнд VR нь зөвхөн аюулыг бууруулах гарц төдийгүй, үйл ажиллагааг оновчтой болгож, шийдвэр гаргалтыг хялбар болгох шинэ боломж болж байна.

Виртуал уурхай: Геологи ба олборлолт шинэ түвшинд

Лабораторийн  олон төрлийн шинжилгээ хийж, газрын бүтэц, ашигт малтмалын ордыг зураглах нь цаг хугацаа, хүч шаардсан процесс. Сүүлийн жилүүдэд хиймэл дагуул болон бусад дэвшилтэт хэмжилтийн технологи энэ процессыг хялбарчилсан ч, виртуал бодит байдал (VR) нь бүхнийг шинэ түвшинд гаргажээ.

Өнөө цагт геологичид зөвхөн оффисоосоо 3D загвар бүхий виртуал орчинд уурхайн талбайг судалж, газрын бүтэц, чулуулаг, ашигт малтмалын ордыг нарийвчлан харах боломжтой болсон. Тэд олборлолт орчинд ямар нөлөө үзүүлж болохыг урьдчилан харж, судалгааны үйл явцын үнэн, зөв мэдээллийг хурдтай цуглуулж байна.

Канадын Barrick Gold компани “Digital Twin” буюу уурхайн виртуал хуулбарыг ашиглан бодит ажиллагааг секунд тутамд хянах систем нэвтрүүлжээ. Уурхайн талбай дээрх төхөөрөмжийн өгөгдөл бодит цагийн горимоор төв серверт дамждаг бөгөөд энэ мэдээлэл автоматаар 3D орчинд дүрслэгддэг. Ингэснээр удирдлагууд алсаас уурхайн үйл явцыг хянаж, эвдрэл гэмтэл үүсэхээс өмнө урьдчилан оношлох боломжтой болсон байна. Үүний үр дүнд Barrick Gold-ийн үйлдвэрлэлийн зогсолт 25 хувиар буурч, техник ашиглалтын хугацаа мэдэгдэхүйц уртассан хэмээжээ.

Виртуал бодит байдал (VR) гэдэг нь компьютерээр бүтээсэн симуляци (Туршилтын зориулалттай бодит байдлын виртуал хувилбар) бөгөөд уурхайн салбарт аюулгүй, үр дүнтэй сургалтын платформ болжээ. Ажилчид комьютерийн тусламжтай “виртуал” уурхайд орж, газар доорх нүхэнд аюулгүй байдлыг турших, тэсрэх бодисыг хэрхэн тавих, ослын нөхцөлд ямар арга хэмжээ авах зэргийг туршин дадлага хийдэг байна. Энэ нь бодитоор осолд өртөх эрсдлийг нэлээдгүй бууруулах нь ойлгомжтой. 

Тухайлбал, Канадын LlamaZoo Interactive компанийн Mine Life VR платформ нь уурхайг бүрэн 3D орчинд дүрслэх боломж олгодог. Энэ систем нь зөвхөн уурхайчдад зориулагдаагүй бөгөөд инженер болон бусад ажилчид, хөрөнгө оруулагч, олон нийт уурхайд виртуал хэлбэрээр “аялж”, уурхайн төлөвлөлт, олборлолтын үйл явцыг бодитоор харах боломж бүрдүүлсэн байна. 

Нэг үгээр хэлбэл, хаанаас ч виртуал 3D орчинд уурхайг “ажиж”, ямар технологи ашиглаж, ямар ажил явж байгааг харах боломжтой. Ингэснээр компанийн ил тод байдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлдэг төдийгүй, олон нийтэд уурхайн үйл ажиллагааны аюулгүй, хариуцлагатай байдлыг харуулах хүчирхэг хэрэгсэл болдог.

Аюулгүй байдал ба сургалт

Уурхайд санамсаргүй үйлдэгдэх ганцхан алдаа амь насны үнэтэй. Харин виртуал орчинд алдаа гаргах нь сургалтын нэг хэсэг юм.  2017 онд Оюу Толгой уурхайд WorksiteVR Quest платформ ашиглан VR сургалт явуулснаар уурхайчдын аюулгүй байдал, ур чадвар эрс сайжирчээ. Ажилчид сургалтын орчинд ХАБЭА-ийн хувцас, хамгаалах хэрэгслийг зөв сонгох, аврах өрөөнд орох зэрэг нөхцөлд дадлага хийж, бодитоор туршиж сурсан байна.

Сургалтын үр дүнд тэмдэглэгээ болон тоног төхөөрөмжийг зөв ашиглах мэдлэг 22%-иар, сургалтын мэдлэгийг хадгалах, эргэн дурсах чадвар 10%-иар, яаралтай нөхцөлд амжилттай хариу арга хэмжээ авах итгэлцэл 16%-иар нэмэгдсэн нь илт ажиглагджээ. Энэ нь зөвхөн ажилчдын аюулгүй байдлыг дээшлүүлээд зогсохгүй, уурхайг илүү үр бүтээлтэй, хариуцлагатай орчин болгоход хувь нэмэр оруулж байна.

Immersive Technologies компанийн маркетингийн захирал Wayde Salfinger, “Оюу Толгой уурхай WorksiteVR Quest-г ашигласнаар VR технологийг бодит үр дүнд хүргэж буй жишээ болсон. Бүх бүтээгдэхүүнүүдийн гол зорилго нь ажилчдын аюулгүй байдлыг хэмжигдэхүйц сайжруулахад оршино” гэж онцолжээ.

Уурхайн гүн — харанхуй, халуун, чийглэг, дуу чимээ ихтэй орчин. Ийм нөхцөлд ажиллах нь хүний анхаарал, ур чадварыг туйлд нь сорьдог. Харин VR сургалт нь эдгээр нөхцлийг аюулгүйгээр “турших” боломж олгож, уурхайчдын хариу үйлдэл үзүүлэх чадварыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг. Судалгаагаар, VR технологи ашиглан сургалт явуулдаг уурхайнууд ажил эхлүүлэх хугацаагаа 35 хувиар хурдасгаж, ослын эрсдэлийг эрс бууруулсан байна.

VR технологи нь уул уурхайн салбарыг “хатуу металл олборлох газар”-аас “ухаалаг, хүн төвтэй, аюулгүй орчин”-д шилжүүлэх гол түлхүүр болж байна. Энэ технологиор дамжуулан уурхай бүр хүний алдаа, ослыг багасгаж, үйлдвэрлэлийн тасралтгүй байдлыг хангаж, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг турших боломжтой боллоо.

Эцэст нь, уул уурхай бол зөвхөн металл олборлох үйлдвэрлэлийн бүс бус хүний аюулгүй байдал, ухаалаг шийдвэр, тогтвортой ирээдүйг бүтээх лаборатори болж байна.