
Хятадын цорын ганц уран олборлогч компани Лхагва гарагт Шэньжэний бирж дээр анх удаа хувьцаагаа гаргаж, 4 тэрбум орчим юань (570 сая ам.доллар) босгож, хувьцааных нь үнэлгээ гурав дахин өсчээ.
Хятад улс цөмийн цахилгаан станцуудынхаа тоог эрчимтэй нэмэгдүүлж байна. Тус улс дэлхийд хамгийн олон ажиллаж буй болон баригдаж буй реакторуудтай бөгөөд 2030 он гэхэд АНУ, Францыг давж, хамгийн том цөмийн эрчим хүчний оператор болж магадгүй юм.
Цөмийн реакторуудын түлш буюу ураныг олборлох эрхтэй цорын ганц компани болох China National Uranium Co. компани 248 сая ширхэг хувьцааг бирж дээр гаргаж, нэг бүрийг нь 17.89 юаниар худалджээ. Бирж хаагдах үед хувьцааны үнэ 67.99 юаньд хүрсэн байна.
Цөмийн түлшний эрэлт хэрэгцээ огцом нэмэгдэнэ гэсэн хүлээлтийн улмаас ураны үнэ сүүлийн дөрвөн жилд өссөн. АНУ, Япон, Франц болон бусад хэд хэдэн улс 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан.
Хятадын ураны дотоодын нийлүүлэлт багасч, тус улс хэрэгцээнийхээ 70 гаруй хувийг импортолж байна.
Xinhua агентлагийн мэдээлснээр, “China National Uranium Co.” компанийн дарга Юань Сюй "Бид үйл ажиллагаагаа дэлхийд өргөжүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадал болон өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ" гэж хэлжээ.
“China National Uranium Co.” компанийн зах зээлийн үнэлгээ 141 тэрбум юань бөгөөд тус компани төрийн өмчит China National Nuclear Corp.-ын мэдэлд байдаг.
“China National Uranium Co.” байгалийн уран болон молибден, газрын ховор элемент олборлож, цэвэр орлого нь 2024 онд өмнөх оны мөн үеэс 16%-иар өсч 1.5 тэрбум юаньд хүрсэн. Тус компани 2019 онд дэлхийн зургаа дахь том Намибийн "Rossing" ураны уурхайн 69%-ийн хувьцааг Рио Тинто компаниас худалдаж авсан байна.
mining.com