
Ч.Сансар
Европын Холбоо 2035 оноос хойш дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг хориглох шийдвэрээ эргэн харж байна. Энэхүү хориг нь Герман, Италийн томоохон автомашин үйлдвэрлэгчид болон лоббичдын шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Европын Комисс нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг шинэ автомашины борлуулалтыг 2035 оноос зогсоох 2023 оны шийдвэрийг цуцлах эсвэл тодорхойгүй хугацаагаар сулруулах төлөвтэй байна.
Европын Комисс хоригийг таван жилээр хойшлуулах эсвэл нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтад тавих хязгаарлалтыг тодорхойгүй хугацаагаар сулруулна гэж автомашины салбарын төлөөллүүд болон Европын Холбооны албан тушаалтнууд мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Европын парламентын хамгийн том бүлэг болох Европын Ардын Намын тэргүүн Манфред Вебер "автомашины салбар болон тус салбарт ажилладаг олон сая ажилчдын хувьд бид жинхэнэ амжилтад хүрлээ: дотоод шаталтат хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийн талаарх маргаан дууссан" гэж мэдэгджээ.
Албаныхны хэлснээр, хориг нь "аж үйлдвэрийн бодлогын ноцтой алдаа" байсан гэжээ.
Европын Холбооны тэргүүлэх эдийн засаг болох Герман, Итали улсууд саяхан Европын Холбооноос цэнэглэх боломжтой хосолмол хөдөлгүүр бүхий автомашинууд болон шатахуун бага зарцуулдаг уламжлалт автомашинуудыг 2035 оноос хойш Европын зах зээл дээр худалдаалахыг зөвшөөрөхийг хүссэн. Эдгээр хоёр улс хүнд байдалд орсон автомашины салбараа дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа юм.
Европын Холбооны автомашины салбарт сүүлийн үед АНУ-ын тариф, Хятадын газрын ховор элементийн экспортын хориг, Европын Холбооны орнууд дахь автомашины эрэлтийн бууралт, Хятадын хямд автомашинуудын өрсөлдөөн зэрэг олон сорилт тулгарах болсон.
Германы автомашин үйлдвэрлэгч BMW компани Европын Холбоо 2035 оноос эхлэн бензин болон дизель автомашины худалдааг хориглосон нь бодит үр дүнд хүргэхгүй, мөн Европын автомашины үйлдвэрлэл энэхүү хоригийн улмаас эрс буурах эрсдэлтэй гэж өмнө нь анхааруулж байсан юм.
Эх сурвалж: oilprice.com