- Уул уурхайн салбарын борлуулалт 2.7 их наяд төгрөгөөр өслөө-

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 753.7 (1.6%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд боловсруулах аж үйлдвэр 614.6 (9.0%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 605.1 (33.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.5 их наяд төгрөг болж өсөхөд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар 371.5 (17.6%) тэрбум төгрөг, төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэлийн салбар 138.2 (20.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.6% – 66.6%-иар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, чулуун нүүрс, газрын тос, мөнгөний баяжмал 1.1% – 35.4%-иар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт шингэн сүү, катодын зэс, цемент, гурил, шохой, самнасан ноолуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.9 – 3.4 дахин өсөж, харин малын мах, металл бэлдэц, ус, ундаа жүүс, цагаан архи, ноолууран сүлжмэл эдлэл, цэвэр спирт, янжуур тамхи, нүүрсэн шахмал түлш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.6% – 49.2%-иар буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 51.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.5 (9.5%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхайн салбарын борлуулалт 2.7 (7.4%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 2.7 (7.4%) их наяд төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 10.0 (72.1%) их наяд төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолтын салбар 77.0 (15.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Гадаад зах зээлд энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 36.4 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 34.6 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 37.6%-ийг нүүрс олборлолтын салбар, 58.5%-ийг металлын хүдэр олборлолтын салбар, 2.4%-ийг газрын тос олборлолтын салбар, 1.4%-ийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) энэ оны 11 дүгээр сард 246.9 (2015=100) болж, өмнөх оны мөн үеэс 1.5%-иар буурсан байна.
Эх сурвалж: ҮСХ