Т.Бямбанаран, М.Энх-Амгалан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин "Оюу толгой” компани нийгмийн хариуцлагын хүрээнд 100 сая мод тарьж, ургуулах амлалт 2021 оны 11 нэгдүгээр сард авсан. Энэхүү амлалт 2022 оноос эхлэн “100 сая мод өвлүүлэн үлдээе” нэртэй цогц хөтөлбөр болон хэрэгжиж эхэлсэн юм.
Хоёр үе шаттай хэрэгжиж байгаа уг хөтөлбөрийн эхний шатанд “Оюу толгой” компани Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон салбарын мэргэжилтнүүдтэй хамтран 22.3 сая мод ургуулахтай дүйцэхүйц хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Үүнд 2023–2024 онд нийлүүлсэн 8 төрлийн тоног төхөөрөмж бүхий 10 иж бүрдэл, 2025 онд нийлүүлсэн 15 нэр төрлийн 53 ширхэг шинэ техник багтаж байна.
2025 оноос эхэлсэн II дугаар үе шат нь илүү өргөн цар хүрээтэй бөгөөд сэрүүн бүсэд шилмүүст модоор өргөн хүрээний ойжуулалт хийх, говь цөлийн бүсэд заган ойг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн газруудыг байгуулах, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах зэрэг бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар 3.1 сая мод тарьж ургуулсан нь энэхүү амлалтын бодит үр дүн.
Нөгөөтэйгүүр, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрч сүйдсэн газруудыг амжилттай нөхөн сэргээж байна. 2010–2025 оны хооронд ашиглаад хаягдаж, эвдэрсэн 1,984 га талбайд газрын нөхөн сэргээлт, 727 га талбайд биологийн нөхөн сэргээлт буюу ургамалжуулах ажил хийжээ. Үүний зэрэгцээ хариуцлагагүй уул уурхайн олборлолтоос үлдсэн 1215 га газарт газрын нөхөн сэргээлт хийсэн нь орон нутгийн байгаль, экосистемийг сэргээхэд чухал алхам болсон юм. 2022-2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий дэх 400 га, 2024 онд Дархан-Уул аймгийн Шарын гол болон Хонгор сумдын нийт 215 га, 2025 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан зүрийн гол орчимд 600 га газарт газрын нөхөн сэргээлтийг амжилттай гүйцэтгэжээ.
Ийнхүү “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөр энэ удаад Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд амжилттай хэрэгжиж, байгалийн унаган төрхийг сэргээн, хаягдсан талбайн нөхөн сэргээлтийн их ажлыг хийж гүйцэтгээд байна.
Хүдэр суманд хууль бус олборлолтоор сүйдсэн газрыг нөхөн сэргээв
Намрын салхи Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын хөндийд зөөлөн үлээж, хаягдсан уурхайн нүхнүүдийн оронд шинэ цөөрөм харагдана. Ухсан нүх, овоолго, лаг шавартай голын хөндийд одоо машин техник бус, шувуудын жиргээ, урсгал усны чимээ сонсогдож байна. Энэ бол Цагаан зүрийн голын нөхөн сэргээлт хийсэн талбай. Бидний хэлж заншсанаар “алтны нинжа” буюу гар аргаар, хууль бусаар алт олборлогчдын тарьсан балгаар байгаль орчин ихээхэн сүйдсэн байлаа. Харин энэхүү ул мөрийг арилгаж, байгалийн унаган төрхийг сэргээх томоохон төсөл энэ оны 9 дүгээр сард эхэлсэн юм. Тус ажилд Сэлэнгэ аймгийн харьяа газрын нөхөн сэргээлт хийх эрх бүхий “Бугант нандин” ХХК болон “Жинжий Майнинг” ХХК нэгдэн орон нутгийн төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлжээ.
Энэхүү төсөл нь зөвхөн хөрс, ус, ургамлыг сэргээх ажил бус Монгол Улсад өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр, “Оюу толгой” компанийн 100 сая мод тарих амлалттай уялдан, байгаль хамгаалах, экосистемийг сэргээх томоохон алхам болж буй юм.
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын Газар, газрын хэвлий, уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Отгон-Эрдэнийн хэлснээр "Сэлэнгэ аймаг нь уул уурхай хөгжсөн аймгуудын нэгд зүй ёсоор ордог. Аймгийн хэмжээнд нийтдээ 2017, 2019 болон 2021 оны байдлаар 5,200 орчим га талбай эвдрэлд орсон нь тогтоогджээ. Үүний 4,600 га газрыг нөхөн сэргээсэн ба одоо жижиг талбайнууд үлдэж байна".
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын алтаар баялаг бүс гэгдэх Цагаан зүрийн гол нэртэй газарт маш ихээр эвдрэлд орсон талбай он удаан хугацаанд эзэнгүй орхигдсон байв. Анх нөхөн сэргээлт хийхээр ирэхэд техник, тоног төхөөрөмж оруулж ирээд газрын хэвлийг бас л ухаж, сүйтгэх нь гэсэн үл ойлголт орон нутгийн иргэдийн дунд байв. Олон жилийн турш тэдний сэтгэлд хургасан айдас тийнхүү илэрсний дараа хэд хэдэн удаа орон нутгийн иргэдийг нөхцөл байдалтай танилцуулж, тайлбар өгснөөр хамтран ажиллах боломж бүрджээ.
Цаашид газрын нөхөн сэргээлт хийсэн уг талбайд 2026 оноос биологийн нөхөн сэргээлт буюу ойжуулалт хийнэ. Мөн Оюу толгойн хөрөнгө оруулалтаар Ерөө сумын Хавчиргана болон Хэрээн гол нэртэй газруудын 400 га талбайд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн байна.
Хаягдсан 600 га газрыг байгалийн унаган төрхөнд нь ойртууллаа
“Оюу толгой” компанийн Байгаль орчны тогтвортой хөгжлийн багийн Ерөнхий зөвлөх Д.Ерөөлтбаяр:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани нийт 100 сая мод тарих амлалт өгсөн бөгөөд 60 сая модыг биетээр тарьж ургуулахаар ажиллаж буй бол 43.5 сая мод тарьж ургуулсантай дүйцэхүйц хөрөнгө оруулалтыг ойн салбарыг чадавхжуулах, суурь баазыг хөгжүүлэх чиглэлд хийж, хувь нэмэр оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд ойжуулалт болон нөхөн сэргээлтийн ажлыг улсын стандартын дагуу үе шаттай хэрэгжүүлж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2024 онд “Алсын хараа-2050, “Нөхөн сэргээлт-2024” зэрэг Засгийн газрын бодлогын баримт бичгүүдийн зарим заалтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн. Үүнд Монгол орны хэмжээнд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших 30 жилийн хугацаанд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрч, эзэнгүй орхигдсон 8,000 га газар бүртгэгдсэн байсан. 2024 оны сүүлээр тэдгээрээс 5,900 га газарт нөхөн сэргээлт хийсэн бол 2,100 га газарт ажил хийгдээгүй үлдсэнийг тогтоосон. Иймд үлдсэн хэсэг газрын нөхөн сэргээлтийн ажилд “Эрдэнэт” ТӨҮГ болон “Оюу толгой” ХХК-ийг хамтран ажиллахыг хүссэн юм.
2025 онд “Оюу толгой” компани өөрийн хэрэгжүүлж буй “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийнхөө хүрээнд үлдсэн 2,100 га газраас Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт харьяалагдах 1,000 га газарт нөхөн сэргээлт хийхээр шийдвэрлэсэн. Тийнхүү тус компани 600 га талбайд энэ онд нөхөн сэргээлт амжилттай хийсэн бол ирэх жил 400 га талбайд газрын нөхөн сэргээлтийн ажил хийхээр төлөвлөөд байна.
2024 онд Дархан-Уул аймгийн Шарын голд хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон 215 гаруй га талбайд газрын нөхөн сэргээлт хийсэн. Үүний дараа тухайн нөхөн сэргээлт хийсэн талбайн тодорхой хэсэгт аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар биологийн нөхөн сэргээлт буюу ойжуулалтын ажил үргэлжилж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр болон Алтанбулаг сумын Тужийн нарсанд ойжуулалтын төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэн. Тус аймагт өнөөдрийн байдлаар гурван байршилд нийт 3 сая гаруй мод тарьсан. Хүдэр сумыг дангаар нь авч үзвэл 600 орчим га талбайд газрын нөхөн сэргээлт хийсэн. Төсөөлөөд үзвэл энэ нь стандарт хөлбөмбөгийн 1000 орчим талбайтай тэнцэх хэмжээний газар гэсэн үг.
Нөхөн сэргээлт хийхээс өмнө мал, амьтан бэлчих боломжгүй байв
“Жинжий Майнинг” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Амарзаяа:
Бид Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Цагаан зүрийн голын орчимд нөхөн сэргээлтийн ажил хийж байна. Ажил эхлэхээс өмнө энэ газар хариуцлагагүй уул уурхайн олборлолтын улмаас ихээхэн эвдрэлд орсон байсан. Таван алхам тутамд нүх таарч, зарим хэсэгт 20 метрийн гүн малталт үүссэн байв. Газар ухаж сэндийчсэн, өндөр овоолго, ухаш үүссэн, зарим хэсэгт хиймэл хөв, цөөрөм бий болж, голын урсгалыг хаасан тул булингартай ус тогтсон. Байгаль орчин бүрэн сүйдэж, хүн, мал, амьтан нэвтрэх боломжгүй хэмжээнд хүрсэн байсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгын дагуу “Оюу толгой” компанийн санхүүжилтээр бид энэ оны 9 дүгээр сарын 22-нд ажлаа эхлүүлж, 400 га талбайд газрын нөхөн сэргээлт хийж байна. 10 дугаар сарын 30-ны байдлаар 100% хийж гүйцэтгэлээ.
Газрын нөхөн сэргээлт хийснээр голын гольдролыг сэргээж, усны гольдролыг сэргээн хэвийн урсах боломжтой болсон. Цаашдаа орон нутгийн удирдлага сэргээн босголтын ажлуудын хамгаалалт, биологийн нөхөн сэргээлтийг хариуцан ажиллах юм. Манай компани 2021 оноос хойш газрын нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж байна. Бидний гүйцэтгэсэн томоохон ажлуудаас дурдвал 2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харганатын ам, Могойн голын аманд 800.7 га талбайд, 2025 онд Ерөө сумын Нарийны аманд 777 га талбайд нөхөн сэргээлтийг тус тус хийсэн.
Ингэснээр нийт энэ удаагийн төсөлтэй нийлээд 2,000 орчим га талбайд газрын нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгээд байна.
Цагаан Зүрийн голын 200 га талбайд нөхөн сэргээлт хийж дууслаа
“Бугант нандин” ХХК ийн Гүйцэтгэх захирал С.Батсүх:
“Бугант нандин” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны харьяа компани юм. Бид “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан зүрийн гол хэмээх газарт нөхөн сэргээлтийн ажил эхлүүлээд 27 хонож байна. Манай баг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, хоёр ээлжээр ажилласан. Энэ хугацаанд газрын нөхөн сэргээлтийн ажилтай зэрэгцүүлэн биологийн нөхөн сэргээлтийг хийсэн. Бидний үндсэн үүрэг газрын нөхөн сэргээлт байсан ч уг талбайн байгалийн унаган төрхийг сэргээхийн тулд биологийн нөхөн сэргээлтэд түлхүү анхаарлаа.
Өнөөдөр бид 200 га талбайг сэргээн хүлээлгэн өгч байна. Уг талбайд хоёр том нуур, цөөрөм байгуулж, хуучин байсан нуурын орчмыг тохижуулсан. Энэ бол “Оюу толгой” компани, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, Хүдэр сумын Засаг даргын Тамгын газрын хамтын ажиллагааны үр дүн юм.
“Оюу толгой” компанийн санхүүжилтээр 400 га талбайд 1 сая ширхэг тарьц суулгаж байна
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяатай ойжуулалтын ажлын үйл явцын талаар ярилцлаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Сэлэнгэ аймагт хэрхэн хэрэгжиж байна вэ? “Оюу толгой” компанийн санхүүжилтээр ямар газарт, хэдэн га талбайд ойжуулалт хийж эхэлсэн бэ?
Орон даяар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг 20 сая мод тарих амлалт өгсөн. Бид энэ зорилтыг давуулан биелүүлж, нийт 23.4 сая мод тарьж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний бэлтгэл үе шатанд амлалтаа биелүүлсэн анхны аймаг болсноороо онцлогтой.
Энэхүү амжилтад дараах 3 хүчин зүйл нөлөөлсөн. Тодруулбал, Тужийн нарсан ойг нөхөн сэргээсэн өмнөх туршлага болон мэргэжлийн бэлтгэгдсэн хүний нөөцтэй. Мөн аймгийн хэмжээнд 27 мод үржүүлгийн газар ажиллаж, улсын хэмжээнд бэлтгэсэн 9.2 сая тарьцын 8 саяыг Сэлэнгэ аймаг дангаараа нийлүүлсэн.
Аймгийн ИТХ-ын 104 дүгээр тогтоолоор ойжуулах, хамгаалалтын ойн зурвас байгуулах талбайг албан ёсоор баталсан. Үүний дараа хөрөнгө оруулагчдад танилцуулга хүргэсний үр дүнд “Оюу толгой” компанийн санхүүжилтээр ойжуулалтын ажил эхлээд байна.
2024 онд 400 га талбайд ойжуулалт хийсэн бол 2025 онд Түшиг сумын нутагт 1,060 га талбайг сонгон амжилттай дуусгалаа. Одоогоор Алтанбулаг суманд тарьц суулгах ажил үргэлжилж, модны ургалт 85%-иас дээш байгаа нь сайн үзүүлэлт.
Алтанбулаг суманд яагаад ойжуулалт хийхээр сонгосон бэ? Ямар төрлийн модыг түлхүү тарьж байна вэ?
Алтанбулаг сум дахь олон газар ой хээрийн түймэр болон хөнөөлт шавжийн нөлөөгөөр доройтсон, байгалийн жамаар сэргэн ургах чадваргүй болсоны улмаас нөхөн сэргээж байна. Тухайн газрын эх ойн шинж чанарт тулгуурлан тарьц сонгодог. Тодруулбал, нарсан ойд зөвхөн хоёр настай нарсны тарьц суулгах бол нарс, шинэс холимог ойд 80% нарс, 20% шинэс тарьж байна. Мөн шан хооронд 4 метр, тарьц хооронд 1–1.5 метр зайтай байх ба 1 га талбайд 2,500 ширхэг тарьц суулгаж байна.
Ийнхүү “Оюу толгой” компанийн санхүүжилтээр нийт 400 га талбайд 1 сая ширхэг тарьц суулгаж байгаа гэсэн үг.
Ойжуулалтын ажилд орон нутгийн байгууллагууд хэрхэн оролцож байна вэ?
“Оюу толгой” компанийн зарласан тендерт Сэлэнгэ аймгийн ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр мэргэшсэн компаниуд, тухайлбал, “Ой баясах” ХХК, “Бугант нандин” ХХК, “Говийн улиас” ХХК, “Агро форест” ХХК, “Буян-Од” ХХК зэрэг байгууллагууд оролцсон.
Аймгийн хэмжээнд нийт 108 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж, 38 төрлийн 39 сая мод ургаж байна. Үүнээс 2025 онд 18 сая тарьцыг зах зээлд нийлүүлэхэд бэлэн байдлаар ажилласан.
Та хэдэн жил ойн салбарт ажиллаж байна вэ? Иргэд хувийн санаачилгаар мод тарих нь хэр үр нөлөөтэй гэж үздэг вэ?
Ойн салбарт 38 жил ажиллаж байна, ойн аж ахуйн инженер мэргэжилтэй. Өмнө нь улсын хэмжээнд зарласан “Нэг сая мод” ургуулах хөдөлгөөний хүрээнд манай аймаг хоёр удаа тэргүүлж байсан. Энэ туршлагаа ашиглан бид “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт идэвхтэй оролцож, жил бүр 4,000 га талбайд 10.8 сая тарьц тарьж байна.
Цаашид Сэлэнгэ аймаг ойн салбарын хөгжилд ямар зорилттой ажиллаж байна вэ?
Сэлэнгэ аймаг бол Монгол Улсын хамгийн том таримал ойн бүс.
Бидний зорилго бол судалгаагаар тогтоогдсон 250 мянга гаруй га доройтсон талбайг цогцоор нь ойжуулах. Нарс, шинэснээс гадна гацуур, хуш, жодой зэрэг шилмүүст модыг нөхөн сэргээж байгаа. Энэ чиглэлд “Оюу толгой” болон “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр 2017 оноос хойш тогтвортой ажиллаж байна.
Энэ жил хушан ойн 10 га талбайд тарьц суулгасан бөгөөд цаашид Мандал сумын Ерөөгийн халуун рашааны ойр орчимд гацуурын ойг нөхөн сэргээх ажил үргэлжилнэ.
Хариуцлагагүй уул уурхайн алдааг засах томоохон алхам
Сэлэнгийн нутагт орших Цагаан зүрийн голын хөндийд томоохон эргэлт өрнөж, хууль бус алт олборлолтын ул мөр болсон гүнзгий нүхнүүд, нурсан овоолго, булингартсан ус бүхий энэ газарт амьдрал буцаж сэргэнэ.
Хүдэр суманд хийсэн нийт 600 га нөхөн сэргээлт, үүний дотор 200 га талбайг богино хугацаанд сэргээж чадсан нь орон нутгийн компаниуд, төрийн байгууллагууд, “Оюу толгой” компанийн хамтын ажиллагааны бодит үр дүн тод жишээ боллоо. Нэгэн цагт мал, амьтан бэлчих нөхцөлгүй эвдэрч сүйдсэн газар өнөөдөр голын голдирлоо сэргээж, цөөрөм, нуур шинээр бий болсон нь сэтгэл сэргэм сайхан байна.
Монголын таримал ойн 98% Сэлэнгэд бий гэдэг тоо ганцхан статистик биш. Энэ аймаг бол улс орныхоо нөхөн сэргээлт, ойжуулалтын бодлогыг түүчээлж буй төв. Цагаан зүрийн голын хөндийн унаган байгалийг сэргээх нь өнгөрсөн үеийн алдааг засах дорвитой алхам болжээ. Нөхөн сэргээлт хийсэн газар хэсэг хугацааны дараа өөрөө өөрийгөө бүрэн эдгээж, байгалийн жамаараа эргээд унаган төрхдөө ордог нь гайхамшигтай. Энэ бол ирээдүйд илгээж буй эгэл ч гэлээ хүчтэй нэгэн сануулга юм. Байгаль өөрийгөө эмчилдэг, харин түүнд эргэн сэргэх боломжийг олгож, хөшүүрэг өгөх нь нийгмийн хариуцлагын асуудал юм.