Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ихэнх ашигт малтмалын үнэ 2026 онд өсөх төлөвтэй байна

Fitch Solutions-ийн судалгааны нэгж болох BMI (Business Monitor International)-ийн шинжээчдийн үзэж байгаагаар, татварын тодорхойгүй байдал багасаж, нүүрстөрөгчийн ялгарлыг (Net-zero) тэглэх зорилттой салбаруудын эрэлт хүчтэй байхын зэрэгцээ нийлүүлэлт хумигдах тул ихэнх үнэт металлын үнэ өснө.

BMI жилийн эцсийн тайландаа "2026 онд худалдааны зөрчил намжиж, дэлхийн эдийн засаг тогтворжих тул ашигт малтмалын дундаж үнэ 2025 оныхоос өндөр байна" хэмээн дурдсан.

2025 оны 8 дугаар сард татварын тодорхойгүй байдал дээд цэгтээ хүрсэн бол 2026 онд энэ байдал намжих төлөвтэй. Гэсэн хэдий ч АНУ дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд зарим металлд дахин татвар ногдуулж магадгүй тул үнийн хэлбэлзэл гарч болзошгүйг анхааруулж байна.

Ялангуяа зэс анхаарлын төвд байна. АНУ-ын Худалдааны нарийн бичгийн дарга 2026 оны 6 дугаар сарын 30 гэхэд дотоодын зэсийн зах зээлийн тайланг танилцуулах ёстой. Үүнээс хамаарч цэвэршүүлсэн зэсийн импортод 2027 оноос 15%, 2028 оноос 30%-ийн татвар ногдуулах эсэх шийдэгдэнэ.

Хятадын нөлөө ба Ногоон эрчим хүч

Хэдийгээр Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар хямралтай байгаа нь аж үйлдвэрийн металлын хэрэглээнд дарамт болж байгаа ч ногоон эрчим хүчний шилжилт (зэс, хөнгөн цагаан, лити, никель) энэ алдагдлыг нөхнө гэж Fitch үзэж байна. Гэхдээ Хятадын зах зээл сул хэвээр байгаа нь үнийн хэт өндөр өсөлтийг хязгаарлах гол хүчин зүйл болно.

2026 онд алтны дундаж үнэ 2025 оныхоос өндөр байх ч оны сүүл рүү үнэ буурах төлөвтэй. Учир нь АНУ-ын Холбооны нөөцийн сан (Fed) хүүгээ бууруулахаа зогсоож магадгүй байна.

  • Оны сүүлээр алтны үнэ унаж, нэг унц нь 4,000 ам.доллароос доош орж магадгүй.

  • 2026 оны 3 дугаар улирал гэхэд алтны түүхэн өсөлт зогсож, ам.долларын ханш тогтворжино гэж таамаглаж байна.

Уул уурхайн салбарт компаниуд нэгдэх, бие биенээ худалдаж авах хөдөлгөөн 2026 онд ч идэвхтэй байна. Компаниуд эрчим хүчний шилжилтэд нэн чухал зэс, лити, газрын ховор элементийн нөөцөө зузаатгахыг хичээх болно.

Мөн Африк зэрэг байгалийн нөөц ихтэй бүс нутгийн засгийн газрууд ашигт малтмалаа зүгээр нэг гаргах биш, дотооддоо баяжуулах, боловсруулах шаардлагыг хөрөнгө оруулагчдад илүү хүчтэй тавьдаг болно. Түүнчлэн технологи, автомашин, сансар судлалын компаниуд нийлүүлэлтийн тасалдлаас сэргийлж, уул уурхайн компаниудтай оффтэйк гэрээ байгуулах хандлага нэмэгдэнэ.

Эх сурвалж: Mining.com