Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Газрын тосны олборлолт ба нөөцөөр тэргүүлэгч орнууд: Венесуэл

 

Т.Бямбанаран

Сүүлийн үед Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлахтай холбоотой АНУ-ын ажиллагаа олон нийтийн анхаарлыг Венесуэлийн газрын тосны салбар руу дахин чиглүүллээ.

Венесуэл нь дэлхийд хамгийн их газрын тосны нөөцтэй улс бөгөөд ойролцоогоор 303 тэрбум баррель нөөцтэй аж. Гэвч сүүлийн жилүүдэд удирдлага, менежментийн доголдол, АНУ-ын хориг арга хэмжээний улмаас тус улсын газрын тосны салбар ноцтой хүндрэлтэй тулгарч байна.

Ерөнхийлөгч Мадуро баривчлагдсаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ, “Америкийн компаниуд Венесуэлд орж ирснээр тус улсын газрын тосны салбар дахин сэргэнэ” гэжээ.

Газрын тос олборлолтоор тэргүүлэгч орнууд ба тэдний нөөц

АНУ дэлхийд газрын тосны олборлолтоор тэргүүлж, өдөрт 20 саяас дээш баррель газрын тос олборлож байгаа юм.

АНУ-ын батлагдсан газрын тосны нөөц ердөө 45 тэрбум баррель байгаа нь анх харахад бага мэт санагдавч, энэ нь Америкийн занарын газрын тос олборлогчдын хөрөнгө оруулалтын мөчлөг богино байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, тэд тухайн үед эдийн засгийн хувьд ашигтай гэж үзсэн цөөн хэдэн жилийн нөөцийг л тооцоонд оруулж, дараагийн нөөцийг тасралтгүй өрөмдлөгийн явцад нөхөж байдаг онцлогтой.

Мексик, Аргентин, Их Британи зэрэг орнууд ч мөн харьцангуй хязгаарлагдмал нөөцтэй атлаа олборлолтоо тогтвортой хадгалж буй орнуудын тоонд багтдаг. Гэхдээ улс бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй.

Нөөц ихтэй ч олборлолт багатай орнууд

Венесуэл нь бусад бүх газрын тос олборлогч орноос эрс ялгардаг. 300 тэрбум баррелиас давсан батлагдсан нөөцтэй. Тиймээс тус улсын нөөц-олборлолтын харьцааг авч үзвэл нөөцийн ашиглалтын хугацаа нь 800 гаруй жилд хүрч байна. Энэ нь дэлхийн хэмжээнд хол тасархай хамгийн өндөр үзүүлэлт. Иран, Ливи, Кувейт, Ирак зэрэг орнуудын хувьд ч газрын тосны нөөцийн ашиглалтын хугацаа 100 гаруй жилээр хэмжигдэж байна.

Харин Саудын Араб, Канад, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсууд уг үзүүлэлтээр дундаж байр суурь эзэлдэг. Саудын Арабын газрын тосны нөөц өнөөгийн олборлолтын түвшиндээ 60 гаруй жил хүрэлцэх боломжтой гэж үздэг.

Эх сурвалж: Energy Institute, Visual Capitalist